"Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа” Төрийн бус байгууллага, “Дэлхийн мөрөөдлийн сургууль” хамтран “Монгол охид дэлхийд” менторшип хөтөлбөрийг зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөрт 21 аймаг, есөн дүүргийн 320 сурагч хамрагдаж байгаа юм.
Д.ЭНХЖАРГАЛ: ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ОХИД 60 ГАРУЙ МЕНТОРООС СУРАЛЦАН, ЗӨВЛӨГӨӨ АВНА
Менторшип хөтөлбөрийн талаар “Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа” ТББ-ын тэргүүн Д.Энхжаргалаас тодруулахад “Гадаадад тэтгэлгээр сурч байгаа, өндөр мэргэжилтэй, төгсөж ирээд Монголдоо ажиллаж байгаа 60 гаруй ментор Монгол Улсын өнцөг, булан бүрээс ирж буй онц сурлагатан, англи хэлнийхээ шалгалтад тэнцсэн, ирээдүйд гадаадад сурах сонирхолтой, гадаадад тэтгэлэг авах хүсэлтэй охидод туслах зорилготой “Даян дэлхийд монгол охид” менторшип хөтөлбөрийн 2023 оны төсөл эхэлж байна. Хөтөлбөрийг гуравдугаар сарын 3-наас дөрөвдүгээр сарын 15-ны хооронд сургалт, цахим болон танхимын уулзалт хавсарсан хэлбэрээр зохион байгуулна. Энэ хугацаанд дэлхийн иргэн болж яаж хөгжих вэ, гадаадад очиход ямар хүндрэл, бэрхшээл гардаг вэ, соёлын ялгааг яаж арилгах вэ, ямар мэргэжил сонгох вэ, ямар сургуулийг сонгох вэ, тэтгэлэгт яаж өргөдөл бичих вэ. Энэ бүхэнд манай менторууд тусална.
Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүд ямар санал хэлдэг вэ гэхээр, хэрвээ бидний үед ийм зөвлөгөө өгдөг хүн байсан бол маш олон ажил, цаг хугацааг хэмнэж, ялах, хөгжих боломжтой байсан гэдэг. Тэр үед тийм менторууд байсангүй. Одоо хөдөө орон нутгаас ирж буй саальчин, малчдын охиддоо дэлхийн мэдлэгийг түгээж өгөх нь өөрөө их буянтай, сайхан үйлс юм” гэлээ.
Г.АРИУНЖАРГАЛ: “ХАРВАРД”-Д СУРАХ ЗОРИЛГОДОО ХҮРЭХИЙН ТУЛД МЕНТОРШИП ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН
Хангай цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Ариунжаргал “ Сургууль дээр “Mentor student” хөтөлбөр явагддаг. Би тэр хөтөлбөрийн суралцагч. Тэндээс хүүхдүүдээ шалгаруулж авсан. Шалгалтдаа амжилттай тэнцээд, энэ хөтөлбөрт хамрагдлаа.
Би хүүхдийн зөвлөл, хүүхдийн оролцооны чиглэлээр өөрийгөө хөгжүүлдэг. Тиймээс аль болох нийгэмшилт, хүүхдийн, эмэгтэйчүүдийн оролцоо нийгэмд хэр байгаа талаар өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог. Манайх алслагдсан дүүрэгт байдаг болохоор ийм хөтөлбөрийн талаар мэдээлэл хомс. Жижигхэн, алслагдсан дүүргээс гадаад руу гарах боломжгүй гэх ойлголт зарим сурагчдад байдаг. Тийм биш. Иймэрхүү хөтөлбөр цаашаагаа улам өргөжөөд, алслагдсан сум, дүүргийн хүүхдүүдэд илүү их үр өгөөжтэй байгаасай гэж хүсдэг.
Би тархины мэс засалч болохыг хүсдэг. Миний зорилго “Харвард”-д сурах. Ямар ч байсан энэ зорилгынхоо төлөө өнөөдөр ингээд сууж байн” гэв.
М.ЭНХЗУЛ: ИЛТГЭЛ ТАВИХ, ЯРИХ УР ЧАДВАРАА САЙЖРУУЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
Мөн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумаас зорин ирж, хөтөлбөрт хамрагдаж буй М.Энхзул “Дүнгийн голч нь 90 хувиас дээш, англи хэлний B2-оос дээш түвшинтэй, бусадтай хамтрах чадвар зэрэг шалгуурт тэнцээд, хамрагдаж чадлаа. Онц сураад, тэтгэлэг аваад, гадаадад боловсон хүчин болж бэлтгэгдээд, Монголоо хөгжүүлэх том зорилго тавьчихсан байгаа. Энэ хөтөлбөр энэ боломжийг маш үр дүнтэйгээр бүрдүүлж өгч байгаа байхгүй юу. Үүгээрээ давуу талтай.
Би ярихдаа тааруу. Илтгэл тавих чадвар тааруу. Менторууд бүгдээрээ мундаг, хоёроос дээш гадаад хэлтэй. Аягүй мундаг хүмүүс байгаа. Энэ хүмүүсээс дэлхийн хэмжээний хүн ямар байдаг үлгэр дууриалал авахыг маш их зорьж байгаа. Өөрийгөө өөрчилье гээд маш их талархаж байгаа. Эрүүл мэндийн чиглэлээр гадаадад сурах зорилготой. Одоохондоо маш олон сургуулиудыг судалж байгаа. Одоо менторуудаасаа туслалцан , өөрийгөө хөгжүүлэхийн төлөө хичээнэ” гэлээ.