Байгаль, эх дэлхийдээ хайртай хүүхдүүдэд зориулсан “Өсвөрийн байгаль хамгаалагч 2023” хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Хөтөлбөрийг Монгол Улс дахь НҮБ-ын Нийгэмлэгээс санаачлан Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнтэй хамтран 2023 оны 03 – 06 сарын хооронд зохион байгуулах юм.
Дэлхий даяар хүүхэд, залуучууд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөтэй тэмцэх, байгаль орчны төлөө бодит хувь нэмэр оруулах их үйлсэд нэгдээд байгаа билээ. 2022 онд НҮБ-ын Нийгэмлэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийг Баянзүрх дүүргийн сурагчдад зориулан хэрэгжүүлж эхэлсэн бол энэ онд нийслэлийн 9 дүүргийн сурагчдыг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгаруулж, хамрах хүрээгээ тэлжээ.
“Өсвөрийн байгаль хамгаалагч 2023” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд хөтөлбөрт шалгарсан 12-16 насны 30 оролцогч эцэг эхийн хамтаар оролцсон юм. Энэ үеэр НҮБ-ын Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Хишигжаргал “Тогтвортой хөгжлийн зорилго ба хүүхэд, залуучуудын оролцоо” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултуудад хариуллаа. Түүнчлэн Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Д.Наранцэцэг “Би – байгаль” сэдэвтэй сургалт орж, оролцогчдод өөрийгөө ойлгох, бусдыг хүндлэх эерэг харилцааны тухай мэдээлэл өгсөн байна.
Оролцогчид Ням гараг бүр байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг практикт суурилсан хичээлүүдээр дамжуулан судлах бөгөөд багаараа бичил төсөл хэрэгжүүлснээр төрөл бүрийн ур чадварт суралцаж, ногоон дэлхийн төлөө өөрсдийн хувь нэмрийг оруулах юм. Хичээлүүдийг байгаль орчны чиглэлээр мэргэшсэн сайн дурын багш нар зааж, бичил төсөл хэрэгжүүлэх үйл явцыг чиглүүлэн ажиллана.
2023 оны энэхүү хөтөлбөрийн Ерөнхий ивээн тэтгэгчээр Хургатай хайрхан ХХК, Мишээл Волкинг Стрит болон Homemedia брэнд дэмжин ажиллаж байна. Цаашид “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийн цар хүрээг улам өргөжүүлж, орон даяар хэрэгжүүлэх боломжийг зохион байгуулагчдын зүгээс судалж байна.
2022 оны хөтөлбөрийн тухай товч бичлэгийг ЭНД-ээс хүлээн авч үзнэ үү.