“Би ганцхан зүйлийг хүсдэг. Тэр нь том жип унаж, алтан гинж зүүж, олон давхар хаусанд амьдрах биш. Зүгээр л нэг ч болтугай хүнийг эрүүл болгох сон, нийтийн биеийн тамираар дамжуулж өвдөхөөс нь урьдчилан сэргийлэх сэн, хань, үр хүүхэд минь эрүүл байгаасай, аав, ээж минь урт наслаасай гэж л хүсдэг. Гавьяат цол надад хэрэггүй ээ. Шинэ үеийн залуус үүнийг ойлгох ч үгүй. Гавьяат цолоор шагнасан гэвэл намайг тэнэг гэж буйгаас өөрцгүй санагдана, тэдэнд” гэж буй түүнийг Лодонбаагийн Саруулбат гэдэг. Түүнийг эхлээд бид бодибилдингийн тамирчин гэдгээр нь мэддэг байв. ДАШТ, Азийн АШТ-ээс медаль хүртэн, улсын аваргад долоон жил дараалан түрүүлсэн Монголын шилдэг тамирчдын нэг тэр яах аргагүй мөн.
Одоо бид түүнийг “Үнэгүй фитнес”-ээр нь бүр ч илүү сайн мэддэг боллоо. “Орилоо, тэнэг мангар, орцны өмнө дүүжилнэ” гэх мэтээр элдвээр хэлүүлсэн ч тэр тоогоогүй, олон нийтийг эрүүл байлгах, хөдөлгөөн, спорт чухал гэдгийг мэдрүүлэх, сурталчлахын төлөө шантраагүй, зогсоогүй. Ямар ч байсан Л.Саруулбат зүтгэсэээр, хичээсээр тодорхой бус мэдэгдэхүйц дөмөгхөн үр дүнд хүрч чадсан уу гэвэл чадсан.
“Үнэгүй фитнес”-ийн ачаар жингээ хассан, эрүүл болсон хүн хэдэн зуу бус хэдэн зуун мянгаар тоологдоно. “Үнэгүй фитнес”-ийг би ашиг хонжоо олох, гавьяа шагналд хүрэх боломж гэж хараагүй. Зүгээр л олон нийтийн төлөө, нэг ч болтугай хүнийг эрүүл байлгахын төлөө эхлүүлсэн. “Үнэгүй фитнес”-ээс би хоёр зүйлтэй үлдсэн. Нэг нь өвчинтэй хоёр өвдөг, нөгөөх нь “Үнэгүй” нэртэй нохой” гэж буй Л.Саруулбатыг “Ялагч” нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт урьж ярилцлаа.
-Бидний урилгыг хүлээн авч, “Ялагч” нэвтрүүлгийн зочноор оролцож буй танд баярлалаа. Сайхан шинэлэв үү, Та?
-Сайхан шинэллээ. “Ялагч” гээд ийм гоё нэртэй нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа та бүхэнд баярлалаа.
-Хүн бүхэн амьдралдаа ялагч байхыг хүсдэг, хичээдэг. Таны ялагч байж чаддаг уу?
-Чаддаг. Багын юм бүхэнд ялах ёстой л гэж хичээдэг хүүхэд байсан. Аль болох л ялагч байхыг хичээж амьдарч байна. Тэгж зүтгэсээр, өөрийгөө хурцалсаар өдий хүрлээ.
ҮХЭХ НҮХЭЭ БИД ХҮРЗЭЭР БУС ШҮДЭЭРЭЭ “УХАЖ” БАЙНА
-“Цагаан сарын үеэр хамаагүй идээд жин нэмчихлээ, хоолны дэглэмээ алдчихлаа” гэж буй хүмүүс олон байна. Турахаар таны удирдлагад бэлтгэл хийх хүмүүсийн тоо ч мөн нэмэгдэж байна уу?
-Тэгж байна, илт мэдэгдэж байна. Сүүлийн үед таргалалт айл бүхэнд байдаг асуудал болчихлоо. Байх ёстой ч юм шиг ойлгогддог болж. Хүмүүс таргалж буйн гол шалтгаан нь гурил, мах хоёрыг үргэлж идсэнийх. Гурил, мах нь багадаж байгаа юм шиг Цагаан сараар зөндөө идсэн. Баахан, бууз банш идчихээд “Одоо яаж турах вэ” гэсэн хүмүүс зөндөө. Бууз, баншандаа бараг шартаад байх шиг. Миний удирдлагад бэлтгэл хийх, турахаар хүмүүс ирж байна аа, ирж байна.
-Турах, жингээ хасах хүсэлтэй хүмүүст та ямар зөвлөгөө өгдөг вэ. Бэлтгэлийг хэрхэн, юунаас эхлүүлэх нь хамгийн оновчтой вэ?
-Турах, жингээ барихад хамгийн чухал зүйл бол хоол. Хоол бүх зүйлийн эхлэл. Хүн идэх гэж амьдардаг уу, амьдрахын тулд иддэг үү гэж ярьдаг. Бараг идэх гэж амьдардаг шиг надад санагддаг. Учир нь хэн зөв хооллоно, тэр хүний бие, зан ааш, амьдралын хэв маяг нь эрүүл байдаг. Ямар ч сайн машин байлаа ч хамгийн муу бензин хийгээд байвал моторт нь муугаар нөлөөлдөгтэй яг адил. Хэчнээн эрүүл хүн байлаа муу, хортой бүхний идээд, хэрэглээд байвал өвчин тусна.
Би 2019 онд нэг судалгаа харсан юм. Дэлхий дээр 19 сая 200.00 хүн хорт хавдраар өвчлөхөд тэр жилдээ есөн сая нь нас барж байсан. Үүнийг тухайн үед Монгол Улс тэргүүлж байсан. Тэргүүлэхдээ бүр улаан шугмаас нь даваад, ганцаархнаа цойлж байсан гээд бод доо. Монголчуудын эрүүл мэнд ямар байгаагийн, хорт хавдар хэр байгаагийн илрэл шүү дээ.
Бид нэг зүйлийг л ойлгох хэрэгтэй. Таргалчхаад Л.Саруулбат дээр ирээд жингээ хасах чухал биш. Өдөр бүхэн гэртээ эрүүл, зөв хооллоод, гэрийнхээ хөргөгч, тогоог цэгцэлж чадахгүй бол хавдартай айлын нэг нь байсаар байх болно. Монгол айл бүхэн, хүн бүхэн ямар нэгэн байдлаар үзэл санаагаа л өөрчилж чадахгүй бол хорт хавдартай, утаатай тэмцсээр л байна. Иргэд өөрсдөө хүнсэндээ анхаарахгүй, хог хамж идээд байвал юу ч өөрчлөгдөхгүй. Нөхцөл байдал улам дордоно. Хог хамж идээд байвал гахай л болно шүү дээ. Үхэх нүхээ бид хүрзээр бус шүдээрээ ухаж байна. Үнэн шүү дээ.
-Хүнсэндээ ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ, юу идэх вэ гэдэг сонголт их чухал. Чанартай бүтээгдэхүүнийг үнэтэй гээд авдаггүй атлаа түүнээс үнэтэй архи, тамхи, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй зүйл авдаг хүн цөөнгүй. Энэ нь өөрөө таргалалт, эрүүл мэндэд хэр нөлөөлдөг вэ?
-Яг энэ байхгүй юу. “Авакадо аваад ид” гэхээр “Доромжилж байна уу. Би хэдхэн төгрөгийн цалинтай. 7000 төгрөгийн үнэтэй жимс аваад идчихээр би яаж амьдрах юм бэ” гэдэг. Тэгсэн атлаа булан эргээд хоёр хайрцаг тамхи авдаг. Тэгэхээр бидний сонголтод их учир байна.
Манайханд нэг ийм алдаа байдаг. Сонголтын тал дээр. “100.000 төгрөгөөр фитнест яв” гэхээр “Яасан үнэтэй юм бэ. Миний амьдралд аймар их мөнгө” гэдэг. Тэгсэн атлаа шоудах болохоор “Би даая” гээд орилдог. 100, 200, 500 мянга нэг оройных нь шоуны мөнгө болчихдог. Зөв хооллох талаар ярихаар “Наадахыг чинь олигархууд л иддэг” гэдэг. Тэгсэн мөртлөө гэр рүүгээ нэг үнээ /пиво/ бариад ордог. Энэ бүхэн өөрчлөгдөөгүй цагт ямар ч сайн эмнэлэг бариад, зам засаад, метро тавиад, хэдэн давхар хаус барьж өгөөд ч нэмэргүй.
-Тэгэхээр хүмүүсийн сэтгэлгээ, хандлага их чухал байх нь. Саяхан би телевизийн нэг мэдээ үзлээ. Нэг хүн ярилцлага өгөхдөө “Автомашинд жаахан дуу оронгуут л санаа зовдог, засварын газарт очоод бушуухан засуулдаг” гэсэн. Сэтгүүлч “Та биеэ өвдөнгүүт эмнэлэгт үзүүлдэг үү” гэж асуухад “Үзүүлдэггүй. Бүр өвдөөд, болохоо байвал л очдог. Эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт орж үзээгүй” гэсэн. Тэгэхээр бид эрүүл мэнддээ, өөртөө хэр их арчаатай байдгийн илрэл болж байна.
-Би ер нь шударга ярьчихдаг хүн. Заримдаа алдаж л байдаг. Үнэнийг л хэлнэ. Өөрийнхөө л үзэл, бодлыг ярьж байгаа шүү дээ. Би боддог юм. “50 сая төгрөгөөр туслаач ээ, би бөөртэй болох гэсэн юм” гээд зургаан настай охин уйлаад гуйж байхад хэн ч тусалдаггүй атлаа 500 саяар морь худалдаж авдаг, морио эмчилгээнд явуулдаг сэтгэлгээтэй ард түмэн байхгүй юу. Үүнийгээ өв соёл гэж андуурдаг. Бөхдөө арван хэдэн өрөө байр, сүүлийн үеийн жип өгдөг мөртлөө өнөөдөр амьдрах гээд ядаж байгаа хүүхдүүд “Надад 80-хан сая төгрөг байвал би энэ хорвоод монгол хүн болж амьдрах гээд байна” гэж байгаа үрсээ тоодоггүй шүү дээ.
Тэгэхээр бид дээрээ, доороо ч сэтгэлгээний маш том алдаатай байна. “Үнэгүй фитнес”-ийг хийж байхад намайг маш олон хүн “Тэнэг, битгий орилоод бай” гэсэн. Энэ бүхнийг хийхийн тулд аав, ээжийгээ хүртэл фэйсбүүкээсээ блоклосон. Хүмүүс намайг элдвээр хэлж буйг мэдчих вий, санаа нь зовох вий гэсэндээ тэр.
Нэг зүйлийг л бид бүхэн бодох хэрэгтэй. Хөргөгчөө л татаад үз. Идэх юмны чинь сонголт ямар байна вэ . Мах, гурил, төмс, байцаа, лууван л манайханд байдаг шүү дээ. Тэгээд илүү мөнгөөрөө юу хийсэн бэ гэхээр, тамхи татдаг бол тамхиа аваад, архи уудаг бол архиа уугаад дуусгачихдаг. Нас өтлөхийн эцэст гадаад руу эмчилгээнд явсан хүмүүс л байдаг.
БОГИНО ХУГАЦААНД ТУРАХ ХҮСЭЛТЭЙ ХҮМҮҮС СҮЛЖЭЭ, БИЗНЕСИЙНХНИЙ ЗОЛИОС БОЛЖ БАЙНА
-Жингээ хасаж, турж буй хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаа юу байна вэ?
-Манайхан хамгийн их гаргадаг ганц алдаа нь, маш богино хугацаанд яаж жингээ хасах вэ гэдэг. Тэгэхээр нь би “Чи богино хугацаанд жингээ нэмсэн юм уу” гэж асуудаг. 30, 40 жил идэж, идчхээд гэнэт 3-4 хоногийн дотор яаж турах вэ дээ. Яах вэ тэгж богино хугацаанд турж болно оо, болно. Үүнийг далимдуулаад сүлжээ, бизнесийнхэн ороод ирдэг. “Ээ миний хүү энийг уу. Хэдхэн хоногийн дотор тураана. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар батлагдсан, зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн гэдэг. Ингээд бид бизнесийн золиос болж эхэлж байна.
-“Ялагч” нэвтрүүлгийг маань “Монос хүнс” компанийн “Цэнэг” брэнд ивээн тэтгэдэг. Спортынхон гэлтгүй хүмүүс “Цэнэг” шиг ийм экологийн, цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх хэр чухал вэ?
-Чухал байлгүй яах вэ. Би монгол брэндүүдээ дэмжихийг хүсдэг. Ялангуяа “Монос хүнс” шиг ийм хүмүүсийн эрүүл мэндэд тустай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжээ дэмжих их чухал. Би хэзээ ч пицца, бургер рекламдаж чадахгүй. Гурил хүний биед ямар сөрөг нөлөөтэйг мэднэ. Тиймээс “Гурил идээрэй” гэж хэлж чадахгүй.
-Та ер нь хэр шударга, зарчимч хүн бэ?
-Би насаараа л шударга явсан хүн. Аав, ээж минь их шударга хүмүүс байдаг. Амьдралд шударга бус зүйл зөндөө байсан ч тэр болгонд бууж өгөлгүй, тэмцсээр өдий хүрсэн.
Надаас цөөн жил ажилласан хүмүүс гадагшаа томилолтоор яваад, тушаал дэвшээд би л үлдээд байв. Асуухаар нь тодорхой юм хэлэхгүй. Яг үнэндээ “Чи намхан юм чинь” гэсэн хандлага анзаарагдана. Шударга бус зүйлтэй эвлэрээгүйнхээ төлөө ажлаасаа хөөгдөж байлаа. Хоёр нялх хүүхдээ тэврээд, ажлаасаа хөөгдөхөд хэцүү байсан. Энэ бүхэн ганцхан надад тохиолддог зүйл биш. Надаас илүү хэцүү амьдралтай хүмүүс байгаа гэж бодохоор илүү их зориг ордог. Харин ч байгаа юмаа боломж гэж хараад зүтгэх чухал.
Ороход эхнэр, хүүхэд минь байна. Хэндээ гоншигнох вэ дээ. Уул байлаа гэхэд өгсөж алхана гэхээс уруудах биш. Ус байлаа гэхэд хормой тосоод дагаж явах биш. Сөрөөд л явна. Өөр зам байхгүй. Ингэж амьдарсаар өдий хүрлээ.
ХАНЬ, ЗУРГААН ХҮҮХЭД МИНЬ ЭРҮҮЛ Л БАЙГААСАЙ ГЭСЭН ГАНЦХАН ХҮСЭЛ НАДАД БИЙ
-Та зургаан хүүхэдтэй юм билээ. Хүүхдүүдээ ийм л хүн болгох сон гэж эцэг, хүний хувиар хүсэж явдаг зүйл тань юу вэ?
-Хүүхдүүд минь хамгийн гол бусдыг хайрладаг, хүндэлдэг, боломжоороо туслах сан гэдэг сэтгэлтэй өсөөсэй гэж хүсдэг. “Range rover” уначих юм сан, алтан цаг зүүгээд, шүдээ алтаар бүрүүлээд, том залаатай малгай өмсөөд, аймар том хөөрөг барих сан гэж би хүсдэггүй. Залбирч явдаг ганцхан л хүсэл бий. Эхнэр, хүүхэд минь эрүүл байгаасай, ээж аав минь урт наслаасай л гэж хүсдэг. Эрүүл байх л хамгийн аз жаргал. Өөр юу ч хүсдэггүй.
-Тэгэхээр зургаан хөөрхөн хүүхэдтэй, халамжит сайхан ханьтай та хамгийн баян хүн байх, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Юугаар ч сольж, юутай ч харьцуулшгүй хөрөнгө минь миний зургаан хүүхэд, хань минь. Би хүүхдүүдээ улсын сургуульд сургадаг. Хөдөлмөрийн, мөнгөний үнэ цэнийг мэдрүүлж, амьдралтай аль болох ойр өсгөхийг хичээдэг. Хүүхдүүдтэйгээ маш сайн ярилцдаг, нээлттэй аав.
ХЭРЭГТЭЙ ГАЗРАА ХЭРЭГТЭЙ ХҮН БАЙХЫГ ХҮСЭЖ БАЙНА
-“Үнэгүй фитнес”-ийг байгуулаад, нийтийн төлөө дуугарч, элдвээр хэлүүлээд явж байгаагийн гол зорилго юу вэ?
-Монголын зам сайжаагүй цагт амаржин зарагдаж дуусахгүй байх. Монгол хүний сэтгэлгээ өөрчлөгдөөгүй цагт миний ажил дуусахгүй байх. Би Америкт очоод амьдарвал, штанг өргөсөн намхан хужаа л харагдана. Тэгэхээр би хэрэгтэй газраа хэрэгтэй хүн байхыг л хүсэж байна.
“Үнэгүй фитнес”-ийг эхлүүлснээс хойш маш олон хүнд сайн, муугаараа хэлүүлсэн. Сурчихдаг юм байна лээ. Өнөөгийн нийгэмд хүн муулж кайф авдаг хүмүүс дэндүү олон болчихлоо. Тэр хэрэгцээг нь ч гэсэн хангаж өгсөн байх. “Намайг сайн хэлээд ав. Цовдол, цовдол” гээд.
Би хүмүүст ганцхан зүйлийг л хэлсэн. “Эрүүл амьдраач ээ” гэсэн. Тэгснийхээ төлөө аймар их цовдлуулсан, элдвээр хэлүүлсэн. “Орцонд чинь боож ална” гэхээс авхуулаад. Үүний цаана юу илрээд байна гэхээр, бид буруу зүйл идээд байхаар кальцийн алдагдал, уургийн дутагдалт ороод бие өвчилж эхэлж байна. Бие өвчлөхөөр сэтгэл санаа, зан авирын хувьд араатан шинж рүү орж байна. Түүнийгээ ил гаргаад хүн цохихоор шоронд орчих гээд байна шүү дээ. Тиймээс Л.Саруулбат шиг нөхрийг харж байгаад “Намхан арьс. Энэ нийгэмд чи л байгаа л болохоор хөгжихгүй байгаа юм” гэж хэлэх хүн хэрэгтэй. Яах вэ, нэг хэсэг тэр хэрэгцээг нь хангасаан, хангасан.
Би өөрөө үнэ цэнтэй амьдралаар амьдарсан. Тиймээс хүний хөдөлмөрлөж хийсэн бүх зүйлийг үнэлж авах дуртай. Мөнгийг нь заавал өгч. Бартердах дургүй. Аль болох мөнгийг нь өгөөд. Би өөрөө тэр амьдралаар амьдарч байсан болохоор. Юмны үнэ цэнийг үнэлэх чухал шүү дээ. “Үнэгүй фитнес”-ийг дахиад үргэлжлүүлнэ.
-Эрүүл мэнд, хөдөлгөөн чухал гэдгийг олон хүнд ойлгуулсан нь “Үнэгүй фитнсе”-ийн гол үнэ цэн оршиж байна уу?
-Яг тийм. Хэдэн зуун мянган тонн өөх хассаныг мэдэхгүй. Би хэдэн зуун мянган тонноор л ярина. 60-90 сая хүнд давхардсан тоогоор хүрсэн. Идэхээс гадна дасгал хөдөлгөөн хийж байж эрүүл болох юм гэдэг үнэт капиталыг хүмүүсийн толгойнд суулгасан.
"ҮНЭГҮЙ ФИТНЕС"-ИЙН АРД МАНАЙ ЭХНЭРИЙН ГАР УТАС Л БИЙ
-Та олон нийтийн төлөө дуугараад, “Үнэгүй фитнес”-ийг эхлүүлээд явж байна. Үүнийг олны багагүй хардлага дагадаг. “Үнэгүй фитнес”-ийн ард хэн байгаа вэ. Цаана нь хэдэн төгрөг эргэлддэг вэ” гээд. “Ингэж хэлүүлж, хардуулж байхаар больё” гэх бодол төрсөн үү?
-Ер нь “Үнэгүй фитнес”-ийн ард бүх улс төрч байгаа. Худлаа, худлаа. Тоглосон юм (инээв). “Үнэгүй фитнес”-ийн ард манай эхнэрийн “Huawei” брэндийн гар утас л байлаа. Хүмүүст турах хэрэгцээ байсан, бэлтгэл хийхийг хүссэн. Би зүгээр л үнэгүй заасан. Тэгж хардах юм байхгүй. Нэг хүний гурван төгрөгөөр заасан шүү дээ.
БИ "ҮНЭГҮЙ ФИТНЕС"-ЭЭС ӨВЧИНТЭЙ ХОЁР ӨВДӨГ, "ҮНЭГҮЙ" НЭРТЭЙ НЭГ НОХОЙТОЙ Л ҮЛДСЭН
-Ерөнхий санхүүжилтийг хэрхэн бүрдүүлсэн бэ. Хувиасаа гаргасан уу. Төрөөс хэдэн төгрөгийн санхүүжилт авсан бэ?
-Хоёр тэрбум төгрөг. Гурван тэрбум хавьцаа. Би байраа зарсан. Худлаа, худлаа. Тэгж попроод байхгүй юу. Зарах байртай ч юм шиг (инээв). Санхүүжилт гэхээр БТСУХ-ноос манай багш нарын цалинг, “Ковид-19”-ийн үед байр гаргаж өгсөн. Өөр санхүүжилт байхгүй. Олноо түшээд, түмнээ түшиглээд гэдэг үг байдаг. Тэр үг ортой юм байна. Олны хүний хайр, “Баярлалаа, Л.Саруулбат аа” гэдэг үг мөнгөнөөс илүү чухал, надад улам хичээх урам өгдөг. Энэ бүхний ачаар юмаар дутахгүй амьдарч байна. Овойж оцойтол нь бол олоогүй. Гэхдээ юмаар дутаагүй. “Үнэгүй фитнес” надад хоёр зүйл үлдээсэн. Өвчинтэй хоёр өвдөг, “Үнэгүй” нэртэй нэг хохой үлдээсэн. Өөр юм байхгүй, үнэнийг хэлэхэд.
-Үнэн үү. “Ийм төсөл хэрэгжүүллээ. Л.Саруулбат овоо олж байгаа байх. Ямар ч байсан байр, машины үнэтэй үлдсэн байлгүй” гэсэн хардлага байгаа.
-Тийм юм байхгүй ээ. Би “Приус-20” автомашинтай. Үнэхээр сайн машин. Банкийг нь дүүргэчихвэл долоо хоног мартдаг. Миний байр ээжийнх. Ээж минь эмнэлгийн шалыг 40 жил угааж, асрагч хийж байж авсан. Ээжийн минь байр.
ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД ААВЫНХАА НЭРИЙГ ДУУДУУЛСНААРАА БАХАРХДАГ
-Тамирчин бүхэн олимп, дэлхийн аварга болохыг хүсдэг. Энэ олон жил бодибилдингоор хичээллэж, хөдөлмөрлөчихөөд дэлхийн аварга болж чадсангүй гэж харамсдаг уу?
-Харамсдаггүй. Дэлхийн аваргын медаль минь хамгийн үнэ цэнтэй нь. Аав минь Ховд аймгийн Мөст суманд амьдардаг. Жирийн нэгэн малчны хүүхэд. Дэлхий дээр байдаг ганцхан нэртэй. Иргэний бүртгэл дээр шүүлгэхээр аавын нэр ганц л байдаг. Аавынхаа нэрийг дэлхийд гаргах л хамгийн сайхан байсан. Дэлхийн дэвжээн дээр аавынхаа нэрийг түрүүлж дуудуулаад, төрийн далбаагаа бариад зогсох үнэхээр сайхан байсан.
Би хэлдэг шүү дээ. Монгол морь уралдаад, уралдаад Хүй долоо худагт. Морин тойруулгын морийг дэлхий мэддэг. Монгол бөх барилдаад, барилдаад төрийн ногоон дэвжээн дээр. Бөх, морь, шагайн харваа, үндэсний сур байх ёстой. Үндэсний спорт, өв соёл байж Монгол Улс оршин тогтноно. Үндэсний спорт булингартах ёсгүй. Бохир мөнгө, улс төр орж болохгүй. Нутаг, нутгаараа хуваагдаад хэрэггүй. Бүгд байх ёстой.
Гэхдээ жин хасдаг тамирчид дэлхийн дэвжээн дээр тугаа бариад, Монголынхоо төрийн дууллыг эгшиглүүлэхээрээ омогшдог байхгүй юу. Монголчууд бөхөөс өөр спортгүй юм шиг хандлага гаргадаг. Бодибилдинг гэхээр, гэр хорооллын хэдэн гарууд ус зөөж байгаад л оролцчихсон юм шиг боддог. Яс юман дээр, үндэсний бөхийн сайхан залуу АНУ-д очвол “Энэ тарган залуу байна. Пауэрлифтингийнх үү. Хүчний бэлтгэл хийдэг үү” гэж асууна. Бодибилдингийн спорт гэвэл дэлхий мэднэ.
-Та Монгол Улсын долоо удаагийн аварга. Долоон жил дараалан түрүүлсэн танаас өөр тамирчин бий юү?
-Байхгүй.
-Одоо ер нь тэмцээнд оролцож байгаа юу?
-Үгүй ээ. Би одоо 40 нас хүрч байна. Гэдэсний булчинтайгаа байх гээд сүүлд нэг тэмцээнд оролцсон. “Би та нарыг ялж чадахгүй ээ. Ах нь хүндлээд оролцъё” гэсэн. Үнэхээр гоё огшмоор байсан. Би “Босоо хээр” юм уу. Өөрөө өөрийгөө уяад (инээв).
Тэмцээн гэснээс миний сэтгэлд хамгийн сайхан дурсамж болж үлдээсэн нэг тэмцээний талаар ярьчих уу?
-Тэг ээ тэг, бололгүй яах вэ.
-Нэг тэмцээний өмнө би хэтэрхий их ус хасчхав. Бүх тамирчид дэвжээн дээр гарч ирээд зогсчихсон байлаа. Гэтэл миний шөрмөс татаад, өөрийн эрхгүй уначхав. “За, ёстой түмний нүдэн дээр унаад, нүдний булай боллоо. Одоо яана аа” гэж бодон, мөлхсөөр тайзны арагшаа оров. Манай багш ам руу мөхөөлдөс хийн, сэргээгээд босголоо. Тэр хооронд тайзны ард бараг 10-аад минут болсон. Тэгэхэд тэмцээн эхэлбэл эхэлнэ шүү дээ. Буцаад гарч ирэхэд бүгд хүлээж байсан. Гоё биз дээ (уйлав).
-Үнэхээр их хүндлэл.
Намайг гараад ирэхэд бүгд хүлээгээд зогсож байсан нь асар их хүндлэл байсан. Тэр мэдрэмжийг Монголын бодибилдингийн ертөнцөд мэдэрсэн хүн би л байх. Яагаад миний нүднээс нулимс гарсан бэ гэхээр, тэмцсэн тэмцэл юм уу даа. Шүдээ зуучихсан, тийм ээ.
ТЭМЦЭЭНЭЭ, ТАЙЗАА, ТАМИРЧДАА ҮНЭХЭЭР ИХ САНАДАГ
-Одоо тэмцээнээ, тамирчдаа хэр их санадаг вэ?
-Санадаг. Маш их санадаг. Тайзаа, хамт олноо, тамирчдаа. Одоо би тэмцээнд оролцоод яах вэ дээ. Залуу үе түрээд гараад ирсэн, олон шилдэг тамирчин байгаа. Би өөрийн цаг үедээ хийхээ хийчихсэн. Одоо ч гэсэн ард түмний хайран дунд амьдарч байна. Автобусанд суухад намайг үнэгүй явуулж байна. Мөнгө өгөх гэсэн чинь авахгүй байна лээ. “Багшийг дээшээ суулга” гээд баахан сельфидэж байгаад буулгана лээ.
-Таны амжилтын нууц вэ?
-Ухаантай хөдөлмөрч юм уу даа. Тэгж л хэлнэ. Миний амжилт сайхан сэтгэл дээр тулгуурладаг. Хүн бүхэн тийм л байх хэрэгтэй. Нэгэндээ тусалдаг, хамт ажиллаж байгаа хүмүүсээ хайрладаг байх хэрэгтэй. Сайхан сэтгэлийн үндэс гэж хүнд байх ёстой. Түүнийгээ баяжуулж явах юм бол юу ч хийгээд сайхан амьдрах боломжтой.
-Гудамжинд тамхи татаж буй хүмүүс дээр та очоод, загнасан. Зарим нэг үйлдэл нь арай хэтрүүлчхэв үү, бүдүүлэг байна даа гэж санагддаг. Та арай хэтрүүлчихэж гэж боддог уу?
-Тэгж боддоггүй. Бүр дахиад хэтрүүлэх ёстой байж гэсэн бодол төрдөг. Америкт хэн нэгэн фрайнк хийхэд өмнөөс нь буу гаргаад ирдэг шүү дээ. “Тоглоом байсан юм аа, больё оо. Комеди шүү дээ, хөгшөөн” гээд. Ингээд өнгөрдөг. Юу хэлж байна вэ гэхээр, буу гаргаж ирж байгаа нь ч, алгадуулж байгаа нь ч жүжиг. Гэхдээ минийх жүжиг байгаагүй. Үүгээр юу илэрхийлэх гээд байгаа вэ гэхээр, тамхи эрүүл мэндэд хортой гэдгийг л хэлэх гээд. Агуулга нь зөв. Би алдаатай байж болно оо. Би алдаатай байлаа гээд би хүнийг “П” үсгээр харааж үзээгүй. Хүнд салаавч өгч үзээгүй л алдаатай хүн байхгүй юу. Би хулгай хийж үзээгүй алдаатай хүн. Надаас ямар алдаа хайгаад байгаа юм бэ.
Тамхины талаар тэгж хийхээс өөр аргагүй байсан. Тамхинаас болж Монголд жилд бүхэл бүтэн нэг сумын иргэд үхдэг. Нэг сум, 4000-5000 монгол хүн үхдэг. Бурхны оронд одсон хүмүүсийн насыг дунджлаад харвал, олонх нь бүтээмжтэй насны иргэд. Дундаж, унджаас доогуур амьдралтай. Тамхи өөрөө цэвэр бизнес. Монголд 207 тэрбум төгрөг эргэлддэг. Яг одоо ч гэсэн тэр хүмүүсийн халаасанд мөнгө орж л байгаа. Эрүүл мэндээр солигддог ямар татвар байдаг юм бэ. Монгол хүний үнэ цэн, эрүүл мэндээр солигддог өөр юу байх ёстой юм бэ. Тэгж бодоод л хийсэн юм.
-Фэйсбүүкийн цаанаас элдвээр хэлж, доромжилж буй хүмүүст та гомддог уу?
-Гомддоггүй. Фэйсбүүкийн цаанаас “Хаа таарсан газраа чамайг ална даа” гэдэг гарууд гудамжинд таарахаараа “Хүндэлдэг шүү” гэхэд нь дургүй хүрдэг. Утасны цаанаас томорсон шигээ шууд дэлсээд авах ёстой шүү дээ, нүүр рүү. Тэгэхгүй байгаад нь би аймар харамсдаг.
-Хэрвээ тэгээд дэлсээд авбал та тэр хүнийг хүндлэх үү?
-Тэгнэ. Яах ч үгүй. Хэлсэндээ бай л даа. Тэгэхээр бидэнд тийм хуурамч зан хэрэггүй. Хар өнгийг харчхаад цагаан гэж хэлэх, цагааныг харчхаад хар гэж ярих бидэнд хэрэггүй. Бид бүх юмыг бодитоор харж, бодитоор, шударга хэлэх хэрэгтэй.
ТУСЛАМЖ ХҮСЭЖ БУЙ ХҮМҮҮСТ ТУСЛАХЫН ТУЛД САР БҮР ТОДОРХОЙ ТӨСӨВ ГАРГАДАГ
-“Үнэгүй фитнес”-ээ үргэлжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэлээ. Ер нь ийм л юм хийх сэн, бүтээх сэн гэж зорьж яваа өөр зүйл юу байна вэ?
-Энэ бүх өвчин, зовлон байхгүй болоосой л гэж бодож байна. Олон дагагчтай болохоор тусалж магадгүй гэсэндээ над руу өдөр бүхэн маш олон хүн тусламж гуйж ханддаг. Өдөр бүхэн алгадаад байвал хацар өвдөнө. Яг үүн шиг чам руу, хэн нэгэн рүү “Миний хүүг авраад өгөөч. Би яг чамтай адилхан эр хүн” гээд хандахад сэтгэл өвддөг, хоолой зангирдаг.
Сарын орлогоос тодорхой төсөв гаргаж байгаад, яг тэгээд гуйж буй хүмүүст өгдөг. Би байнга тусалж чадахгүй юм чинь яах вэ дээ. 20 нь 20-дохгүй, 50 нь 50-дахгүй. Бүгд рүү нь явуулахыг хүсдэг.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Спортын ярилцлагын “Ялагч” нэвтрүүлгийн 10 дахь дугаарын зочноор оролцсон танд баярлалаа. Манай нэвтрүүлгийн ивээн тэтгэгч “Монос хүнс” компанийн гарын бэлгийг гардуулъя. Хийж, бүтээж ажил, амьдралд гэгээн бүхний дээдийг хүсье.
-Баярлалаа. “Монос хүнс”-ынхэн “Ялагч” нэвтрүүлгийг ивээн тэтгээд, олон дугаар хийхэд нь туслаарай. Энэ “Цэнэг” үнэхээр сайн бүтээгдэхүүн байна лээ. Би ууж байсан. Амт нь гоё, зөөлхөн. Намайг урьж оролцуулсан “Ялагч” нэвтрүүлгийн хамт олонд баярлалаа.