Австралид болсон үерийн үеэр иргэдийг нүүлгэн шилжүүлж байхад өсвөр настай нэгэн хүүхэд матарт хазуулсан хэрэг гарчээ. Тодруулбал, уг 17 настай хүүгийн хөлний арын хэсгийг хазсан байгаа юм. Түүнийг эмчлэхээр орон нутгийн эмнэлэг рүү яаралтай шилжүүлжээ. Хүчтэй аадар борооны дараа Австралийн алслагдсан бүс нутгууд үерт нэрвэгдэж, тэдэнд тусалж, иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр тус улсын батлан хамгаалах хүчнийг илгээсэн байна. Эрх баригчдын мэдээлснээр, үерийн аюул маш олон үр дагавар үүсгэж байгаа бөгөөд матар эдгээрийн нэг болж буйг анхааруулжээ. Тухайлбал, албаны хүн “ус эргээсээ халихад матрууд хаа сайгүй гардаг” гэсэн байна. Харин иргэдийг ковид-19-ийн үед тусгаарладаг байсан байгууламжид байршуулж байгаа ба хүүхдүүдийг орон нутгийн сургуульд суралцуулахаар зохицуулалт хийж байгаа гэнэ. Түүнчлэн үерт авсан бүс нутгийн иргэдийг гол уснаас хол байхыг сэрэмжлүүлж байгаа аж.
Эх сурвалж: BBC