АНУ Украинд нэмэлт 400 сая ам.долларын цэрэг зэвсгийн тусламж үзүүлэх гэж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Шинэ тусламжид их бууны сум, хуягт тээврийн хэрэгсэл зэрэг багтаж байх магадлал өндөр гэнэ. АНУ Украинд өөрийгөө хамгаалахад нь зориулж нийт 32 тэрбум ам.долларын тусламж үзүүлээд байгаа билээ. Орос, Украины ширүүн байлдаан сүүлийн зургаан сарын турш Бахмутад өрнөж буй. Украины албаныхан Баасан гарагт Бахмут дахь нөхцөл байдал тэсэхэд бэрх болж байгааг хэлсэн юм.
Тодруулбал, Бахмут хотод байлдаан цаг минутаар хэмжигдэж байгааг Украины тус бүс нутгийг хариуцсан командлагч мэдэгджээ. ОХУ-ын хувийн батлан хамгаалах байгууллага болох Вагнер бүлэглэл тус хотын өмнөд болон хойд талаас дайралтаа ширүүсгэж байгаа юм. Украины талаас мэдээлснээр, Бахмут хот нь ОХУ-ын хувьд стратегийн чухал бүс нутаг биш. Тийм атал өдөр шөнөгүй дайрч байгаа нь илүү их цус урсгахад хүргэж байгааг анхааруулсан юм.
Эх сурвалж: CNN, REUTERS