Япон улсын 2022 оны төрөлтийн түвшний талаарх тоо мэдээллийг засгийн газраас нь танилцууллаа. Анх 1899 онд тоолж эхэлснээс хойш Япон улс төрөлтийн хамгийн доод түвшин буюу 800 мянгаас доош гэсэн үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, эрүүл мэндийн яамнаас гаргасан уг урьдчилсан мэдээллээр нийт төрөлтийн тоо 5.1 хувиар буурч, 799,728 болсон байна. Энэ үзүүлэлт нь 2033 онд төрөлт 800,000-аас доош буурна гэсэн 2017 оны засгийн газрын таамаглалаас хамаагүй эрт гарч байгаагаараа анхаарал татаж буй юм.
“Ковид-19” цар тахлын үеийн амьдралын хэв маяг, залуусын гэрлэлтээс зайлсхийх болсон хандлага нь төрөлтийн түвшин буурахад нөлөөлж байгаа талаар хэвлэлүүд онцолж байна. Тухайлбал, 2022 оны үзүүлэлт ингэж гарахад 2020 онд цар тахал дэгдсэний улмаас гэрлэлтийн түвшин багассан нь нөлөөлсөн байна. Ихэнх тохиолдолд, гэрлэснээс хойш дор хаяж хоёр жилийн дараа хүүхэд төрдөг гэнэ. Түүнчлэн залуусын тогтворгүй санхүүгийн байдал, нийгмийн харилцаанаас төвөгшөөх зэрэг хандлагууд ч их нөлөөлж буйг тус улсын эрүүл мэндийн яамны мэргэжилтэн хэлжээ.
Эх сурвалж: KYODO NEWS