Өнөөдрөөс эхлэн дөрвөн өдрийн турш бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор Чингис хаан музей ачаалал ихтэй байна.
Өнөө өглөөнөөс эхлээд иргэд дотогш нэвтрэхээр дугаарлаж байна. Энэ талаар тус мүзейн гэрлийн найруулагч Ч.Бямбадоржоос тодруулахад "Өчигдөр өнөөдрийнх шиг зохион байгуулалтгүй байсан учраас замбараагүй байдал үүссэн. Үүнээс үүдэн зарим үзмэрийн шил цуурсан. Өнөөдөр ч бас буган чулуун хөшөөг цохьсон тохиолдол гарлаа. Эцэг эх, асран хамгаалагч, анги удирдсан багш нар хүүхдүүдээ өөрсдөө хариуцаж, гараас нь хөтөлж явах хэрэгтэй байна. Хүүхдүүд танхимд хамаагүй явж, үүний улмаас унаж гэмтэхээс эхлээд асуудал гарч байна. Үүнд бид анхаарч, нэг зааланд 50 хүн оруулах зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Музей үзэх иргэд олон байгаагаас хүн болгонд тайлбарлаж өгөх боломжгүй байна” гэлээ.
Музей үзээд гарч ирж байгаа иргэд "Өглөө 09:00 цагт ирээд, хоёр цаг хүлээж байж орлоо. Орохоо цаг алдаж байгаа ч дотор сэлүүхэн, том болохоор бөөгнөрөл үүссэнгүй. Тухтай үзлээ” гэж сэтгэл хангалуун байгаа талаар ярьсан юм.
Д.Мөнхзул