Ардчилсан намаас өнөөдөр /2023.03.01/ Д.Мөнх-Эрдэнийг нэн даруй суллахыг шаардсан мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд "Ардчилсан нам нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл баримтлалыг үйл ажиллагааныхаа үндэс болгон ажилладаг улс төрийн хүчний хувьд Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлсэн аливаа дуу хоолойг үргэлж дэмжиж ажилладаг билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Эрх чөлөөг дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байдаг. Гэтэл 2016 оноос хойш тасралтгүй төр барьж байгаа Монгол ардын нам, эрх баригчид үзэл бодлоо илэрхийлсэн бүх төрлийн дуу хоолойг хааж боож, иргэдийг шорон, гяндангаар айлган сүрдүүлж, хорьж цагдах замаар залхаан цээрлүүлж байгаа үйлдлүүд хэрээс хэтэрлээ.
Эрх баригчдын “буулганд” үзэл бодлоо илэрхийлсэн олон иргэд хавчигдаж байгаагийн тод төлөөлөл нь Ардчилсан намын гишүүн, иргэн Даваагийн Мөнх-Эрдэнэ юм.
Түүний хувьд эх орныхоо төлөө санаа зовнин, нийгэмд үүсээд байгаа эрх зүйт ёсноос гажсан эрх баригчдын бусармаг үйл ажиллагааг олон нийтийн сүлжээнд илэрхийлснийхээ төлөө өнөөдөр шоронд хоригдож байна. Эрх баригчдын энэхүү үйл ажиллагаа нь Ардчилсан Монгол Улсад хүлээн зөвшөөрч, хүлцэн тэвчих боломжгүй үйлдэл тул Д.Мөнх-Эрдэнийг нэн даруй суллахыг шаардаж байна.
Монгол Улс болон дэлхийн олон улс орны нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гэж заасан. Манай улсын хувьд Олон улсын конвенцоор заасан үүргээ биелүүлж чадахгүй бол дэлхийд нэр хүндээ алдах өндөр эрсдэлтэй байгааг эрх баригчдад сануулж байна” гэжээ.