Монголын волейболчин Тамираагийн Хангал Тайландын дээд лигийн “Nakhon Ratchasima” клубт тоглохоор гэрээ байгуулж, тус улсыг зорьсон билээ. Ингэснээр тэрбээр гадаадын лигт тоглосон Монголын хоёр дахь /анхных нь Г.Хандсүрэн/, эрэгтэйчүүдээс анхны волейболчин болсон юм.
Түүгээр ч үл барам Т.Хангал Тайландын лигт түрүүлж, MVP буюу үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан нь яах аргагүй бахдам амжилт. Монгол волейболчин гадаадын лигийн MVP-гээр анх удаа тодорсон нь энэ. Тайландын лигт гялалзсан Т.Хангал гэж хэн бэ?
-Т.Хангал өнгөрсөн жил шигшээ багийнхны хамт “Challenge cup”-т оролцсон. Тэмцээний дараа хоёр улс легионероо болгох санал түүнд тавьсан. Улмаар Т.Хангал Тайландын “Nakhon Ratchasima” багт тоглохоор шийдсэн юм.
-Тэрбээр гурван үеийн удамт волейболчин. Түүний өвөө нь волейболын нэрт дасгалжуулагч, гавьяат багш Д.Ренчин, аав нь Монголын урдаа барьдаг тамирчдын нэг байсан, дээд лигийн аварга “Натур мед ноён” клубийн дасгалжуулагч Р.Тамир. Т.Хангалын ээж Д.Наранцэцэг мөн волейболчин, спортын мастер цолтой. Тэрбээр багаасаа эл спортод багаасаа шимтэн дурлахад өвөө, аав нь их нөлөөлсөн.
-Нийслэлийн ерөнхий боловсролын 47дугаар сургуулийг төгссөн. Гуравдугаар ангиасаа волейболын спортоор хичээллэсэн, анхны багш нь спортын мастер Р.Баттулга.
-21 настай, 192 см өндөр. Бусад тоглогчоос урт мөчтэй,үсрэлт сайтай, солгой гартай нь түүний давуу тал.
-Клубийн түвшинд 2020 оноос хойш тоглож байгаа.
-Үндэсний дээд лиг, насанд хүрэгчдийн болон идэрчүүдийн улсын аваргын шилдэг тоглогч.
-Аавынхаа удирдлагад “Натур мед ноён” клубт тоглодог нь түүний онцлог.
-2021 онд “Натур мед ноён” клубийнхнийхээ хамт дээд лигийн аварга болохдоо үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан.
-Тэрбээр дээд лигийн нэг тоглолтод 38 оноо авсан нь хувийн дээд амжилт.
-Б.Хангал МУИС-ийн сэтгэл зүйн ангид сурдаг. Спортын сэтгэл зүйчээр ажиллах хүсэлтэй.
-Оросын “Зенит” багт тоглохыг хүсдэг.