“IHC" койныг зах зээлд гаргасан Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг 30 хоногийн хугацаанд цагдан хорих шийдвэр гарчээ.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/-т зааснаар тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байсан юм.
Тэгвэл Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарт өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай прокурорын гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ.
Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл тогтоогдож байна гэж дүгнэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах үүднээс яллагдагч Б.Гантигт 2023 оны энэ дугаар сарын 27-ны өдрөөс, яллагдагч Б.Эрхэмбаярт 2023 оны энэ дугаар сарын 28-наас буюу өнөөдрөөс эхлэн тус тус 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.