Энэ онд “Эмоци” продакшны 10 жилийн ой тохиож байна. Тус продакшн ойн хүрээнд “Баян боол” уран сайхны киног олны хүртээл болгоход бэлэн болжээ.
2019 онд ОХУ-д анх хийсэн "Холоп" киноноос сэдэвлэн, албан ёсны эрхтэйгээр бүтээсэн “Баян боол” киног "Хүлэгү пикчерс", "Милл" кино компани, "Эмоци" продакшн хамтран хийсэн юм.
Тус киноны талаар жүжигчин Г.Нарансолонго “Энэ зохиолоор БНСУ, БНХАУ, Энэтхэг зэрэг 11 оронд албан ёсны эрхийг нь аваад кино хийж байгаа. “Баян боол” кинонд Эмоци продакшн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Мөн МУГЖ Х.Ганхуяг тайжын дүрд, МУГЖ Ч.Доржсүрэн найруулагчийн дүрд, МУСТА жүжигчин Батмэнд, жүжигчин Х.Баярмаа нар уригдан тоглосон. Арын албанд 120-130 хүн тогтмол ажиллалаа.
Кино бол хамтын уран бүтээл байдаг. "Баян боол" кино зураачийн ажиллагаа маш их шаардсан. Бид эзэнгүй хээр талд хүрээ барьж босгосон. Киноны зураг авалтыг Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хийсэн. Хэвлэлийн бага хурлаараа дамжуулан Хүдэр сумын иргэддээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бид зураг авалтын үеэр Хүдэр сумынханд киногоо үнэгүй үзүүлнэ гэж амласан. Амлалтдаа хүрч, хүдэрчүүддээ үнэгүй үзүүлнэ.
“Эмоци” продакшн 10 жилийн ойн хүрээнд олон уран бүтээлийн, ажлын төлөвлөгөө гаргасан. Үүний эхлэл нь “Баян боол” кино. Бид киногоо ирэх сарын 3-нд нээж, үзэгчдийн хүртээл болгоно” гэлээ.
Д.Мөнхзул