Батмөнх даян хааны мэндэлсний 560 жилийн ойг тохиолдуулан "Батмөнх даян хаан" нэртэй түүхэн, танин мэдэхүйн гурамсан романыг бүтээжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Данзанноровын Хүүгийн бичсэн тус романы нээлт өчигдөр боллоо.
Олон улсын монголч эрдэмтэн, доктор, судлаачдаас бүрдсэн баг, "Хаан арга" кино продакшны уран бүтээлчид хамтран "Батмөнх даян хаан" зохиолоос сэдэвлэн түүхэн уран сайхны кино бүтээхээр болсноо энэ үеэр дуулгасан юм. Зохиолч Д.Хүү романыхаа талаар "Монголд 37 их хаан бий. Түүний нэг нь долоон настайдаа алтан ургаас өргөмжлөгдсөн Батмөнх даян хаан юм.Түүний тухай бидэнд домог л бий. Аман зохиол учраас цаг үетэйгээ зохицож шинэчлэгдэж явсаар өнөөг хүрсэн.
Уг домгийн нутаг Халхийн өмнөх говь буюу Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг юм. Тухайн үед алтан ургийг устгаж, халх ноёдын сүүл тасарлаа гэх ойлголтыг тараах зорилготой хэцүү цаг үед Даян хааныг Мандухай цэцэн хатан олж дэвшүүлснээрээ онцлогтой.Төрсөн хүүхдийг нь хорлоод алчихдаг, өөрийг нь хутга сэлмээр сүлбээд хөнөөчихдөг зэргээр л үзэгчид Мандухай хатныг дүгнэдэг. Тэгвэл би романдаа, долоон хүү, нэг охин төрүүлж бүрэн бүтэн өсгөж, хөвгүүд нь Халхын нутгийг захирч хаад болон 70 гаруй жил амьдарснаар дүрсэлсэн. Энэ бол түүхэн үнэн. "Батмөнх даян хаан" роман гурван боть. Эхний ботийн нэр нь "Айсуй". Эл ботийг онд 2019 онд бичиж, өнөөдөр нээлтийг нь хийлээ."Айсуй"д Батмөнх даян хааны 1464-1482 оны хооронд дахь бага нас, залуу нас гарч байгаа юм. 1482-1500 оны амьдралыг нь хоёрдугаар ботид бичсэн. Гэр бүл, үр хүүхэдтэй болдог Халх нутгийг авч үлдэхийн төлөөх тэмцэл уг ботьд багтаан дүрсэлсэн. Сүүлийн боть нь 1500-1517 оны хооронд Даян хааны үр хүүхдүүд хаан, хатан болж улс орон тогтворжсон талаар өгүүлнэ.
Олон жил бичигдэж байгаагийн шалтгаан маань зүгээр нэг гудманд тавиад, хуушуурын мөнгөөр зарчихгүйн төлөө тэмцэж яваа. Энэ бол ийм хэмжээний дүр биш. Тийм учраас энд энэхүү номын ивээн тэтгэсэн, номны талаар товч танилцуулга хүсэж байгаа хүмүүс ирсэн байгаа нь нээлтийг илүү өег сайхан болгож байна хэмээн ярилаа.
Д.Мөнхзул