
Хонконгийн модель Эбби Чой учир битүүлгээр амиа алдсан явдал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Түүний экс нөхөр Алекс Квон болон хуучин хадам эцэг эхийг нь Эбби Чой-гийн аллагад буруутгаад байгаа юм. Энэ хэрэгт түүний экс нөхрийн дүү ч мөн холбогджээ. 63 настай Квонгийн ээжийг хэрэгт саад учруулсан хэргээр буруутгаж байгаа юм.
Хуулийнхан тэднийг батлан даалтад гаргахаас татгалзсан байна. 28 настай модель бүсгүйг мягмар гарагт сураггүй алга болсон гэж мэдээлсэн бөгөөд түүний аллагын талаарх аймшигт мэдээллүүд гарснаар Хонконгийг цочирдуулсан юм. Тодруулбал, Чойгийн толгойг ням гарагт Тай По дүүргийн гурван давхар байшингаас олсон бөгөөд үүнээс хэдэн хоногийн өмнө түүний биеийн бусад хэсгүүд мөн ижил байрлалаас олдсон байна. Энэ байрлал нь түүнийг мягмар гарагт Ковлун хотод хамгийн сүүлд харагдсан газраас ойролцоогоор 27 км-ийн зайд аж.
Хэргийн газраас мах зүсэгч, цахилгаан хөрөө олдсон байна.
Хонконгийн цагдаа нар Чой болон түүний хуучин хадмууд "их хэмжээний" санхүүгийн маргаантай байсан гэж хэвлэлд мэдээлсэн.
Түүнчлэн Алекс Квон өнгөрсөн бямба гарагт моторт завиар хотоос гарах гэж байгаад баривчлагдсан гэж цагдаа нар хэлсэн юм. Түүний эцэг эх, том ахыг Алекс Квоныг зугатах гэж оролдохоос нэг өдрийн өмнө саатуулсан байжээ. Цагдаа нар ням гарагт хохирогчийн хуучин хадам аавтай холбоотой тав дахь сэжигтнийг мөн баривчилсан байна.
Эбби Чой, Алекс Квон нар хоёр хүүхэдтэй юм байна. Тэрээр саяхан тансаг амьдралын хэв маягийн сэтгүүл болох L'Officiel Monaco-ийн нүүрэн дээр гарсан бөгөөд цахим хуудаснаа 100,000 гаруй дагагчтай Хонг Конгод алдартай нэгэн байжээ.
Эх сурвалж: BBC