Цагаан сарын шинийн нэгэнд хамба лам Д.Чойжамц төрийн гурван өндөрлөгт золгохдоо “Энэ жил дээдэст ээлтэй, дунд талынханд тааруу, нялхаст ширүүн” гэж хэлсэн. Үүнд зарим хүн эгдүүцэн “Дээдэст долигонолоо. Нялхсаа өвчин тусах нь, эндэх нь гэж байгаа нь зохисгүй зүйл” гэж шүүмжилж буй. Энэ асуудалд Л.Чойжилсүрэн зурхайч ийм байр суурьтай байна.
Мөн түүнээс үзэсгэлэнт болгогч хэмээх туулай жилийн өнгө, тусгай засалтай жилүүд, 33-ны мөчлөгийн талаар тодрууллаа.
Тэрбээр “Дээдэст долигоноод ч юм уу хэлсэн үг биш шүү. Нялхас, хүүхдүүд өвчин их тусах нигуур байна, ханиад хүрэх ч юм уу. Тэрийг л ширүүн гэж хэлсэн байхгүй юу. Тэгэхээр хүүхдээ анхаар гэсэн үг байгаа биз.
Үхрийн зурлага гэж тэр жилийн өнгийг хардаг зурлага бий. Тэрүүгээр л хараад хэлж байгаа юм. Түүнээс биш хамба Д.Чойжамц гуай дээдэст долигонолоо гэж ойлгож болохгүй. Төр түвшин байвал хүн бүхэнд тустай. Улс төржсөн юм биш шүү. Нам энэ тэр лам бидэнд ямар ч падгүй. Бид улс төрийг ойлгох ч үгүй.
Зарим настай хүн “33 нас хүрэхээр өөрийн буян эхэлдэг” гэж ярихыг би сонсож байсан. Номон дээрээс бол хараагүй.
33 насны мөчлөг дээр мэдээж ээж, аавыгаа баярлуулж болно. Номон дээр юу гэдэг вэ гэхээр, есөн нохой хооллоно, есөн хүүхэд баярлуулна гэж байгаа юм. Буяны үйл учраас аль болох ядарсан зүдэрсэн хүүхдийг баярлуулж, золбин нохой хоолловол зохилтой. Ах, дүү нарынхаа, хамаатныхаа хүүхдүүдийг баярлууллаа гэхэд “Авах ёстой” гэж бодож магадгүй шүү дээ.
Зарим хүн “33-ны мөчлөг дээр ээждээ өлгийдүүлэх сайн” гэдэг. Нэг нь тэгж яриад, фэйсбүүктээ нийтлэхээр нь үнэмшчихгүй юү. “Үнэн юм байна. Тэгдэг юм байна” гэсэн буруу ойлголт олон нийтэд үүсчихлээ. Ийм ёс огт байхгүй.
33-ны мөчлөг дээр 33 янзын балин зуурч, голд нь лүд хийгээд уншдаг тусгай ном бий.
66-ны засал зөвхөн эрэгтэй хүнд таарч байгаа юм. Учир нь шороон дээр суучхаж байгаа юм. Ингэсэн тохиолдолд эрэгтэй хүний мах бодид нөлөөлдөг байх нь. Цус харвадаг ч юм уу.
81 нас болохоор 9х9 гээд тооны юу явж байгаа юм. Муу ёр гэж үздэг. Энэ насан дээр үр хүүхэд нь хоёр удаа золгодог. Битүүнд, шинийн нэгэнд золгодог. 82 настай болгох гэсэндээ тэр. 81 настайдаа хүн таалал болбол үлдсэн хүмүүст нь жаахан тааруу гэж үздэг. Тиймээс тэгж хоёр золгож байгаа юм.
Жил нь орсон юм уу туулай жилтэй хүмүүс энэ жил заслаа хийлгэнэ. Морь, хулгана жилтэй хүмүүсийн харш жил орно. Бага харш жил гэж ярьдаг. Дайсан жил гэдэг. Ийм жилтэй хүмүүс засал хийлгэнэ.
Морь жилтэй хүн яах вэ гэхээр, логор жил гэж байдаг. Морины ярыг туулай тоншино гэдэг. Үүнийг жаахан муу гэж үздэг.
Монгол түмэн маань цаашлаад дэлхийн үндэстэн, ард түмэн бүгдээрээ амар амгалан, өвчин зовлонгүй, гол нь сэтгэл нь тайван байх болтугай гэж ерөөе” гэлээ.