Хүүхдийн мөнгө авч чадахгүй байгаа 7000 мянга гаруй өрхийн төлөөлөл болсон ээжүүд, “хүүхдийн эрх зөрчигдөж байна” гэж үзэн НҮБ-д хандахаар болжээ. Учир нь эдгээр 7000 өрхийн төлөөлөл, анхан шатны харьяа дүүрэг, халамжийн үйлчилгээний газрууд , ХНХЯ, ҮСХ, Төрийн гурван өндөрлөг гээд холбогдох бүхий л байгууллагад гомдолтой байгаагаа илэрхийлэн хандсан боловч асуудал шийдэгдэлгүй өнөөдрийг хүрсэн байна.
Энэ талаар иргэн А.Дөлгөөн ярихдаа, “Маш ойлгомжтойгоор хэлэхэд, 7000 мянга гаруй өрх, ил тод, шударга бус бүртгэл мэдээллээс үүдэж хүүхдийн мөнгө авах өрхийн 91 хувьд багтаж чадахгүй байна. Бид есөн хувьд багтах баян хүмүүс биш гэдгээ батлах гэж энэ хүртэл явлаа. Яагаад бид есөн хувьд орчхоод байгаагаа л ойлгохгүй байна. Энэ маш тодорхойгүй байна гэсэн үг.
Бидний дунд аав ээжийнхээ гэрт толгой хорогддог, эсвэл ипотекийн зээлээр авсан байртай, өр ширэндээ баригдсан хүмүүс л байгаа.
Жишээ нь, манай өрхийн бүртгэл дээр гурван хүн бий. Нэг нь манай ээж, нөгөө нь миний охин, тэгээд би. Бидэнд бусадтай хамтран эзэмшдэг нэг байр байгаа. Энэ байрныхаа зээлийг ч төлж дуусаагүй. Нэг приүс 20 машинтай, би ганцаараа ажил хийдэг. Ингээд л би толгой есөн хувийн баянд тооцогдчихоод байна. Би ерөөсөө ганцхан л юмыг хүссэн. Хүүхэд бүрд мөнгийг нь тэгш олгооч ээ гэж. Гэтэл хүүхдийн мөнгийг халамжийн бодлого болгочхож байгаа юм . Тэгвэл халамжийн бодлогыг зорилтот бүлэг рүүгээ чиглүүлээч ээ гэж хүссэн. Энэ тооцооллын аргачлал маш том алдаатай байна гэж бид үзэж байгаа.
Хүүхэд бүрдээ тэгш олгохгүй юм бол хүүхдэд ээлтэй, хүүхдэд зориулсан хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Анхнаасаа хүүхдийн мөнгө гэдэг зүйлийн утга учир нь энэ байсан. Ингэж чадахгүй бол хүүхдийн мөнгө гэдэг нэрийг нь солимоор байна. Гурваас дээш хүүхэдтэй, бага орлоготой айлд зориулсан мөнгөн тэтгэмж гэж болно.
Одоо би Нэгдсэн Үндэсний Байгууллагад хандана. Ямар ч байсан суурин төлөөлөгчтэй нь уулзахаар цаг авах хүсэлт гаргасан. ҮХЦ дээр давхар өргөдөл гаргая гэж бодож байгаа” гэлээ.
Р.Цэцэгбаяр