Монгол үндэсний хувцас нь олон зуун жилийг дамжсан баялаг түүхтэйн дээр монголчуудын амьдралын хэв маягийг илэрхийлж, монгол хүн гэсэн ялгарлыг бий болгож байдаг. Үндэсний хувцас нь тухайн үеийнхээ хүрээлэн буй орчин, амьдралын хэв маягаас шалтгаалж хувьсан өөрчлөгдсөөр иржээ. Бид дундад зууны үеийн үндэсний хувцсыг өнөөгийн байдалтай харьцуулан эртний дээлийг сэргээж урладаг "Хуяг брэнд"-ийн үүсгэн байгуулагч Т.Алтанхуягтай ярилцлаа.
– Бидний хувцас хэрэглэл дундад зууны үетэй харьцуулахад хэр өөрчлөгдсөн бэ?
– Хувцасны хувьслыг тухайн цаг үетэй нь холбож ярина. Нэгдүгээрт, хувцас хэрэглэл байгаль цаг уурыг даван туулахад зориулагдсан эд. Нөгөө талаар аж байдал, амьдралын хэв маягаас шалтгаалж хөгжиж өөрчлөгддөг. Жишээ нь, эрт үед дайн тулаан, ан гөрөө хийх зайлшгүй шаардлага байсан учраас эртний хувцас эдлэлүүдийн загвар тухайн үетэйгээ уялддаг байсан. Тэр үед өнөөдрийнх шиг халаалттай дулаан байшин, том тэнхим байгаагүй. Тиймээс гэртээ хүртэл гадуур хувцас, дээлтэйгээ байдаг байж. Дээр хэлсэнчлэн, ан гөрөө хийх, малдаа явах, гарч орох зэрэг байнгын бэлэн байдалтай байх шаардлагатай болохоор л дулаан алдагдуулдаггүй дээл хувцсаа өмсдөг байжээ гэж ойлгож болно. Дайн тулаантай, байгалийн шалгуурт нийцсэн хувцсыг би дээл гэж үзнэ.
Өнөө цагт бид тасалгааны хэмд байгаа учраас гадуур хувцастай суухгүй, нь мэдээж. Энэ хэрээр ч хөнгөн, хурдан тайлж болохуйц хувцсыг илүүд үзэж байна. Үүнийг дагаад загвар нь ч өөрчлөгдөж байгаа юм. Орчин үед бүх юм нээлттэй,чөлөөтэй болсон тул гаднаас нь харахад бүгд нэг хэвийн хувцасладаг болсон. Америк, Япон гэх мэт улс оронд ч бүгд нэг хэв маягийн хувцастай байна шүү дээ. Үүнийг философийн ойлголттой холбоход одоо цагт чөлөөт, олон ургалч үзэл үүсэж эхэлсэн учраас өөрсдийгөө өөр угсаатан гэж ялгах шаардлагагүй болсон гэсэн үг.
Хувцас хэрэглэл нь тухайн угсаатан, үндэстний дүр төрх болсон байдаг. Тийм ч учраас олон мянган жил өөрчлөгдөлгүй ирсэн. Харин урт хугацааны явцад улс орны харилцаа, худалдаа арилжаанаас хамаарч загварын аар саар өөрчлөлтүүд гардаг байсан юм.
МОНГОЛЧУУД ҮНДЭСНИЙ ХУВЦСААРАА ДАМЖУУЛАН ӨВ СОЁЛОО ХАДГАЛДАГ
– Хувцасны хувьсал явагдсаар, аль ч үндэстэн, үндэснийхээ хувцсыг тэр болгон өмсөх шаардлагагүй болжээ. Баяр ёслолын үеэр л өмсөж харагддаг. Таны бодлоор бид үндэсний хувцсаа өмсөхийн ач холбогдлыг юу гэж хардаг вэ?
-Жишээ авч үзье л дээ. Азиуд нийтлэг төрхтэй. Тэгэхээр бидэнд Монгол гэдгээ батлахын тулд, иргэний үнэмлэхээ гаргаж харуулахгүйгээр гаднаасаа Монгол хүн, өөр угсаатан гэдгээ харуулах нэг зүйл хэрэгтэй. Бидний ялгарлыг үндэсний хувцас харуулж өгдөг. Үндэсний хувцасаа өмсөхийн ач холбогдол нь өв соёлоо хадгалж буй хэлбэр гэж хэлж болно.
– Та “Монгол хувцас цаг үеэ дагаж өөрчлөгдөж ирсэн” гэлээ. Үндэсний хувцас ямар хувьслаар, яаж өөрчлөгдөж энд хүрсэн талаар дэлгэрэнгүй яриач?
-Үүнийг ярихад Дундад зууны үеийн түүх рүү очно. Тэр үед хаад, ноёд, түшмэл, энгийн иргэд бүгд өөр өөр загварын хувцас өмсдөг байсан. Энэ нь нэг ёсондоо хууль байсан. Хууль байхгүй, хэн дуртай нь өөрчлөөд байвал тухайн ард түмнийг илэрхийлэх дүр төрх нь өөрчлөгдчих учраас хуульчилдаг. Уг түүх явсаар Монголын бутралын үе буюу 1644 онд манж гүрэн гэх том улс гарч ирж манай улсыг эзэлсний дараа Монголын хүн ард, хаад ноёд, ихэс дээдэс язгууртнуудыг бүгдийг нь энэ хуульдаа оруулж, Монголын соёлыг мөхөөн өөрийн соёлыг дэлгэрүүлэхийн тулд хууль гарган манж хувцасны нөлөөнд оруулсан.
Энэ явдал үргэлжилсээр 1911 онд Монголчууд манжаас салах үе хүртэл мөрдөгддөг байв. Үүний дараа Богд хаан хувцасны дагаж мөрдөх хуулийг зогсоосон ч манжийн хувцасны хууль дүрэмд суурилсан Монгол хэв маягтай шинэ хувцас зохиосон байдаг. Тэр нь 1924 он социализмын үе хүртэл мөрдөгдсөн. Социализмын үеэс өнөө хуучин хувцсыг өмсөх хориотой болж байгаа юм. 1920-1940 онуудад Монгол дээлийн үндсэн даруухан,эгэл загвар дэлгэрч байсан. 1950-1960 онд олон улсын харилцаа сэргэж, 1970 оноос Хятадын чамин хийцтэй загвар дэлгэрсэн байгаа юм. Энэ хэв маяг явсаар үндэсний хувцасны өргөн дэрвэгэр хормой үгүй болж, шулуун исгэмэл болсон.
1990 он өнгөрч социализм үгүй болж чөлөөт зах зээлд шилжсэнээр дээлийн эсгүүр өөрчлөгдөж,торго бөс гаднаас их орж ирдэг болов. Тэр үеийн ерөнхийлөгч, энгийн иргэд, бөхчүүдийг харвал эрээн мяраан, хээний өвөрмөц сонголттой хувцас их өмсдөг байсан. Монголчууд дээр үеэсээ л алаг эрээн өнгийн торго өмсдөг байсан. Тэр үед торго алтнаас үнэтэй байсан үе л дээ.
Харин 2000 оноос одоо хүртэл дээлийг судалдаг, бүх юм нээлттэй эртний үндэсний хувцастай холбогдолтой олдворууд түүхэн зургууд гарч эхэлсэн. Эндээс эхлэн зөв төрхтэй эртний дээлээ сэргээж өмсөх цаг үе одоог хүртэл үргэлжлээд явж байгаа. Үүний нэг төлөөлөл болгож манай "Хуяг брэнд" эртний дээл хувцсыг түүхэн зураг дээрээс үндэслэж, хэлбэр хийцийг нь адилхан, өнгө данг нь тааруулж хийхийг хичээж яваа. Тэгээд хамгийн түрүүнд Монголын морьт харваачид, уламжлалт спортынхон өмсөж байна. Дээлийг өмсдөг өдрийг нэмж байгаа зүйл уламжлалт спортын тэмцээнүүд, арга хэмжээ фестивалиуд болж байна.
ДЭЭЛНИЙ ЗАГВАРЫГ ДУР ЗОРГООРОО ӨӨРЧИЛБӨЛ ДЭЭЛ БИШ БОЛНО
-"Намнаа" клуб болон "Хуяг" брэндийн талаар ярьж өгөөч, хэдэн онд үүсгэн байгуулсан бэ?
– "Намнаа академи"-аа 2018 онд байгуулсан. Морьт харвааны уламжлалт спортын клуб юм. Энэ клубийн хуульчилсан дүрэм бол орчин үеийн Манжийн дээл хувцсыг өмсдөггүй эртний хэлбэр хийцтэй хувцсыг заавал өмсөх гэсэн дүрэмтэй. Одоо ч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Үүгээрээ бид үндэсний өв соёлоо хадгалж байгаа хэрэг.
Ер нь Монголчууд дэг журам эмх цэгц байхгүй учраас уламжлалт хувцсыг дураараа өөрчлөөд байдаг. Дээр үед яагаад хаад ноёд хувцасны хууль дүрэм гаргадаг нь өөрчлөлтөөс сэргийлж байсан. Одоо гадуур гарахад дээлийг, дээл биш болгочихсон янз бүрийн хэлбэр, загварт оруулчихаар тэр чинь дээл биш болчихно. Хэдий хувцсыг тэгж өмсөж болох ч гэсэн уламжлалт баяр ёслолоор өмсдөг үндэсний хувцас биш гэж хэлмээр байна.
– Ярилцсанд баярлалаа.
Д.Мөнхзул