
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын CGTN телевизэд ярилцлага өгчээ. Ярилцлагын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга” Монгол улсын Шинэ сэргэлтийн бодлоготой уялдаж буйг CGTN-ий сэтгүүлч онцолсон байна. Тэрээр энэ уялдаа холбоо нь хоёр орны стратегийн хамтын ажиллагаанд хэр ач холбогдолтой талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тодруулсан байна. Үүний хариуд ерөнхийлөгч Хүрэлсүх дээрх бодлого, санал санаачлагууд нь дэлхийн нийтийн сайн сайхны төлөө гэх нэг зорилгын хүрээнд хоорондоо уялдаж байна үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тиймээс харилцан дэмжинэ гэжээ.
Түүнчлэн сэтгүүлч хоёр орны соёлын харилцааны цаашдын төлөв байдлын талаар асуусан байна. Ерөнхийлөгч Хүрэлсүх үүний хариуд Монгол залуусын хэл сурах авьяасыг онцолж, сүүлийн жилүүдэд манай залуус Хятад хэл ихээр сурах болсон хэмээн дурджээ. Ингэхдээ тэрээр хоёр улсын ард түмний харилцааг төрийн түвшний харилцаатай адилтгаж үзсэн байна. Тодруулбал, соёлын солилцоо, ард түмний харилцаа бэхжихийн хэрээр хоёр улсын харилцаа улам эрчимжинэ гэж ярилцлагадаа онцолсон байна.
Эх сурвалж: CGTN