
АНУ ОХУ-ын эсрэг ээлжит хориг арга хэмжээгээ зарлалаа. Шинэ хориг арга хэмжээ нь банкууд, ОХУ болон дэлхий дахинд зэвсэг, тоног төхөөрөмж нийлүүлдэг ханган нийлүүлэгчдэд чиглэх юм байна.
Тодруулбал, ОХУ-д тусалж буй улсуудыг шинэ хориг арга хэмжээ онилж байгааг онцолжээ. Энэ хориг арга хэмжээнд 90 гаруй компанийг хамруулж байгаа ба Хятадын компани ч багтаж байгаа гэнэ. АНУ Хятадыг ОХУ-руу зэвсэг нийлүүлж байгаа гэж буруутгаад байгаа билээ. Цагаан ордноос “Украинтай эцсийг нь хүртэл хамт байна. ОХУ-д хариуцлагыг нь хүлээлгэнэ” гэж мөн мэдэгдсэн байна. Үүгээр зогсохгүй, АНУ Украин болон хөрш Молдавт эрчим хүчний дэд бүтцийг нь бэхжүүлж, сэргээхэд зориулж 550 сая ам.долларын тусламж үзүүлэхээ зарлалаа. Эдгээр шийдвэрүүд нь Орос, Украины дайн эхлээд нэг жил болохын зэрэгцээ, мөн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украинд гэнэтийн айлчлал хийснээс хэдхэн хоногийн дараа болж буй юм. АНУ Украинд үргэлжлүүлэн аюулгүй байдлыг нь хангах үүднээс зэвсгийн тусламж үзүүлэхээ ч мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC