БНХАУ-ын топ дипломат, Ши Жиньпиний ойрын зөвлөх Ван И ОХУ-д айлчилсан нь олон улсын харилцааны цаашдын төлвийг тодорхойлох хэмжээний үйл явдал болж өнгөрлөө. Орос, Украины дайн эхэлснээс хойш БНХАУ-ын өндөр албан тушаалтан ОХУ-д айлчлаагүй байсан юм. В.Путин ихэвчлэн том ширээнд уулзалт хийдэг ба нөгөө хүнээсээ харьцангуй хол зайтай суудаг талаар сэтгүүлчид мэдээлсэн. Харин энэ удаа БНХАУ-ын төлөөлөгчтэй маш ойрын зайд сууж, ярилцсан нь хэвлэлийнхний хамгийн түрүүнд анзаарсан зүйл байлаа. Цаашилбал, Ван И маш тайван, тогтуун байсныг шинжээчид мөн дүгнэсэн юм. В.Путин “БНХАУ болон ОХУ-ын хамтын ажиллагаа нь олон улсын харилцаанд чухал үүрэгтэй” гэж цохон тэмдэглэсэн байна. Үүгээр зогсохгүй, хоёр орны харилцаа “шинэ түвшинд хүрлээ” гэж В.Путин хэлээд Ши Жиньпин ОХУ-д удахгүй айлчлах тухай яриаг баталжээ. Ши Жиньпин БНХАУ-ын ерөнхийлөгч болсноос хойш В.Путинтэй цөөнгүй удаа уулзсан билээ. Харин Ван И “БНХАУ, ОХУ хоёр олон улсын харилцааны олон талт байдал, ардчиллыг дэмждэг ба энэ нь дэлхийн тавцан дахь АНУ-ын ноёрхлыг эсэргүүцэх зорилготой нь нийцэж байна” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн тэдний харилцаа гуравдагч орон руу чиглээгүй гэдгийг онцолжээ. АНУ БНХАУ-ыг ОХУ-д зэвсэг нийлүүлж байгаа хэрэгт буруутгаад удаагүй байна. БНХАУ энэ мэдээллийг няцааж байгаа юм.
SOURCE: AL JAZEERA, BBC