АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Орос, Украины дайн эхэлснээс хойш анх удаа Украинд гэнэтийн айлчлал хийлээ.
Энэ айлчлал нь Орос, Украины дайн эхлээд нэг жил болж байгаатай давхцаж байгаа тул Украинд үзүүлэх барууны тусламжийг бататгах зорилготой гэж томоохон хэвлэлүүд онцолж байсан юм. Жо Байден энэ айлчлалынхаа үеэр 500 сая ам.долларын цэрэг зэвсгийн тусламжийг үзүүлэх болсноо зарласан байна.
Түүнчлэн энэ долоо хоногийн сүүлээр ОХУ-ын эсрэг шинэ хориг тавина гэдгээ мэдэгджээ. “Нэг жил өнгөрөхөд Киев, Украин, Ардчилал улам бэхжиж байна. Тэд сөрж зогсож чадлаа” гэж АНУ-ын ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр мэдэгджээ. Жо Байден Украины нийслэлд өглөө ирж, үдээс хойш нь буцсан байна. Тэрээр барууны орнуудын төлөөлөл байсан гэхээс илүү АНУ-ын тусламжийг илүү бататгах зорилготойгоор ийм айлчлал хийсэн гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Түүнчлэн Украины ерөнхийлөгч В.Зеленскийн хажууд зогсож байхдаа тэрээр “ОХУ Украиныг сул дорой гэж бодсон. Тэд амархан ялна гэж бодсон. Тэд барууны орнуудыг хуваагдсан гэж бодсон. Одоо харин тэгж бодохгүй байгаа байх аа” гэжээ. Харин В.Зеленский түүний энэ айлчлал болоод нэмэлт тусламжид талархал илэрхийлсэн байна.
SOURCE: CNN