XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярын мэндийг үзэгч та бүхэнд өргөн дэвшүүлж байна.
Өрөг.мн сайт өнгөрсөн жилүүдийн баярын өдрүүдээр, залуу уран бүтээлчид, өв тээгчид, соён гэгээрүүлэгчдийн хөрөг ярилцлагыг хүргэж, үндэсний баяруудын ач холбогдлыг түгээн дэлгэрүүлж байсан. Харин энэ удаад бид Төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатартай Монголын нууц товчооны талаар ярилцаж, нууц товчооны нууцыг эл ахмад уран бүтээлчийн нүдээр харах, ойлгох боломжийг үзэгч танд олгож байна.
XIII зууны Их Монгол улсыг байгуулсан Тэмүүжин хийгээд, түүний нөхөр мэт дайсан, дайсан мэт нөхөр Жамуха нарын дүрийг монголын ард түмэнд мөнхөлсөн тэрбээр, дүрээ бүтээхийн тулд олон түүх судлаачтай уулзаж, өдгөө ч Монголын нууц товчоог ширээнийхээ номоор залжээ.
Ингэхдээ түүх судлаачдын зөрүүтэй сурвалжид автах бус өөрийн оюун ухаанаар Монголын нууц товчоог ухаж, ойлгосон зүйлийнхээ нэгээхэн хэсгийг үзэгч та бүхэнд хуучилж буй нь энэ.
Тэрбээр “Түүх бол таамаглал. Таамаглал нь үнэн. Монголын нууц товчооны цаана учир утга, өргөн агуулга багтдаг. Нэг өгүүлбэрийг нь задлах юм бол цаанаа маш том агуулга, том цар хүрээтэй түүхийг өгүүлсэн байдаг. Монголын нууц товчоонд бидний мэдэхгүй, ухаж ойлгоход амаргүй олон зүйл бий.
Би нэлээн олон түүхчтэй уулзаж учирч, санал бодлоо хуваалцаж, ярилцаж байсан. Яагаад гэхээр, Жамуха, Тэмүүжиний дүрийг бүтээхийн тулд шүү дээ. Түүхчид маань хоорондоо санал зөрүүтэй байдаг юм билээ. Тийм болохоор би нэгнийх нь санаагаар дүрдээ янз бүрийн зүйл шингээсэнгүй.
Нууц товчоонд "Тэмүүжин Жамуха хоёр хэлэлцээгүй үгээ хэлэлцэж, ярилцаагүй үгээ ярилцаж, нэгэн хөнжилд, нэгэн шөнийг өнгөрөөв өө гэж гардаг. Энэ бол Монголын овог аймгуудыг нэгтгэх Тэмүүжин, Жамуха хоёрын анхны үйл явдлын эхлэл үе байсан юм. Тийм ч учраас хэлэлцээгүй үгээ хэлэлцэнэ, ярилцаагүй үгээ ярилцана аа гэдэг чинь, мань хоёрын хэн нь энэ овог аймгуудыг нэгтгэхэд тэргүүлэх вэ гэдэг дээр л хэлэлцсэн гэсэн үг.
Ингээд ярилцсаны эцэст тэр хоёр шодолцохоор болсон. Тэгээд дөрвөн шагай аваад шидсэн. Тэгэхэд Тэмүүжин дөрвөн бэрх буулгачихсан. Жамуха буулгаж чадаагүй. Улмаар Тэмүүжин тэргүүлнэ, Жамуха тусална болчхож байгаа юм. Тийм ч учраас олон удаа, 3-4 удаа Тэмүүжинийг цэрэгтэй нь хамт няц цохивол цохихоор бололцоо их байсан. Нууц товчоон дээрх Зээрийн хавцлын тухай ярьж байна. Жамуха ерөөсөө хаяад л явчихсан шүү дээ. Тэр шодооны үр дүн гарсан л гэж миний хувьд үзсэн юм. Шодоод дөрвөн бэрх буулгасан. Би чамд туслах ёстой. Чи хаан болох ёстой гэж. Жамуха Тэмүүжинд хэлсэн нь юу гэхээр “Миний хүсэл мөрөөдөл, бодож байгаа бодол, бүх зүйлийг чи гүйцэлдүүлэх ёстой” гэдгийг захисан.
Ард түмэн, олон овог аймаг, Жамухыг Чингисийн дайсан гээд бат итгэчихсэн. Тэмүүжин ялалт байгуулаад, Их Монгол улсыг бий болгож, Чингис хаан гэдэг нэртэй болоод, Жамухыг барьж авчрангуутаа, “чи бид хоёр гурван удаа анд бололцсон. Анд минь чи миний дэргэд ирж төр барилц. Би чамайг өршөөе” гэхэд, Жамуха “Үгүй ээ” л гэсэн. Яагаад Жамуха үгүй гэсэн юм. Уг нь Тэмүүжинтэй хамт төр баривал барьж болохоор шүү дээ. Учир нь ард түмэн түүнийг дайсан гээд үзчихсэн байгаад л байгаа юм. Тэр үед Жамухад байх газар байхгүй болчихсон хэрэг. Үүнийг тэр хоёр тооцоолоогүй. Тэгээд Жамухад үхэхээс өөр арга байгаагүй.
Жамуха шууд хорвоод хоёр нар байхгүй. Чамайг би Чингис хаан гэж хүлээн зөвшөөрч өөрийнхөө биеийг дэвсэж өгье. Чи намайг цус гаргалгүй хөнөөж, язгууртан хүн шиг онгол гэсэн. Тэрийг нь Чингис хаан ёсоор болгож байгаа юм. Тийм түүхийн будилаанууд бий болж байгаа юм. Үүнийг яах ч арга байхгүй.
Манай монголчууд Жамухыг дайсан л гэж бодоод байдаг. Үгүй. Чингисийн нөхөр байсан юм. Нөхөр мэт дайсан. Дайсан мэт нөхөр.
Би боддог Монголын нууц товчоо гэдэг энэ зохиолыг монголчууд өөрсдөө ойлгоогүйгээс үүдээд өнөөдөр монгол орон маань сөнөхдөө хүрчхээд байна. Түүхээ хайралдаг, улсаа хайралдаг, газар орон, ард түмнээ хайралдаг хүн нэг байхгүй. Нэгдэж чаддаггүй. Тодорхой зорилготой, тодорхой агуулгатай, тодорхой хуультай ийм улсууд байсан тулдаа манжид 200 жил дарлагдсан мөртөө уусаагүй шүү дээ. Гэхэд л өнөөдрийг хар аа. Одоо энэ төр барьж байгаа улсуудаас Нууц товчооны тухай асуувал мэдэх хүн ховор байх аа даа. Би тэгж л боддог. Өрлөг түүхээ мэдэж хүндэлдэг хүн өнөө цагийнхаа Монголыг хүндлэхгүй байна гэж байхгүй. Ард түмнээ хүндлэхгүй байна гэж хэзээ ч байхгүй” гэж ярилаа.