Айлын хажуу ороо түрээсэлж, нялх хүүхэдтэйгээ амьдардаг өрхүүд “баян”-д тооцогдож хүүхдийн мөнгөнөөс хасагджээ. Иймээс хүүхдийн мөнгийг олгож буй журмаа ил болгохыг шаардан, 5000 гаруй ээж нэгдэж байна. Тэд холбогдох байгууллагууд болон ерөнхийлөгч, ерөнхий сайдад гомдолтой байгаагаа илэрхийлэн захидал явуулсан байна.
Энэ талаар иргэн А.Дөлгөөн, “Улс биднийг есөн хувийн баянд тооцож, хүүхдийн мөнгөнөөс хассан. Орон байргүй олон мянган ээж миний ард бий. Бид бүхэл бүтэл сарын хугацаанд хороо, хөдөлмөрийн яамнаас эхлээд ерөнхийлөгчид нь хүртэл шаардлага хүргүүлсэн. Одоог хүртэл нэг ч газраас тодорхой хариу өгсөнгүй. Зарим нь намайг худлаа попорсон намын хүүхэн гэж үзэж байна. Гэхдээ би эх орны ирээдүй болсон олон үрсийн төлөө чадах бүхнээрээ зүтгэнэ.
Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан ээжүүдийн фэйсбүүк групп бий. Группын ээжүүд нэгдэж 500-1000 төгрөг цуглуулаад, 30 минут заал түрээсэлж, энэ сарын 9-нд “Бид ориловч, төр дүлий” нэртэй хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан. Ингэсэн ч бидний шаардаж буй зүйлд нэг ч хариу өгсөнгүй. E-Mongolia болон Иргэний бүртгэлийн сан дахь алдаатай мэдээллээ засуулах гээд хороо дүүргүүдээр өдөр болгон шахуу явсан. Гэсэн ч олон иргэдийн алдаа засагдаагүй. Ийм байдалтай хохирсон хүний тоо 5800 давлаа.
Хороо дүүргийн халамжийн ажилтнуудаас эхлээд энэ алдааг засахад хамтарч ажиллахгүй байна. Олон удаа өргөдөл гомдол гаргасан ч зохих ёсоор шийдээгүй, шалгаагүй хэвээр л байгаа. Цаашлаад ХНХЯ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар гээд бүх шатандаа энэ асуудалд хойрго хандаж байна. Энэ жил халамжаас хуримтлал руу гэх уриан доор хүүхдийн мөнгөнөөс биднийг хасаж байна. Яг ямар үндэслэлтэй ийм шийдвэрүүд гаргаад байгааг бид ойлгохгүй байгаа.
Айлын хажуу өрөөнд нялх хүүхэдтэйгээ амьдардаг оюутан ээжийг хүртэл орон байртай гэж бүртгээд хүүхдийн мөнгөнөөс нь хасчихсан байгаа юм. Энэ мэтчилэн буруу бүртгэлд бүртгээд хүүхдийн мөнгөнөөс нь хасчихсан таван мянга гаруй айл өрх сар гаруй хугацаанд тэмцсэн ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрч чадаагүй, хүнд сурталтай төрийн байгууллагуудын үүдийг сахисаар байна” гэлээ.
Р. ЦЭЦЭГБАЯР