Бөхийн хорхойтнуудын хамгийн их хүсэн, хүлээдэг барилдаануудын нэг нь сар шинийн барилдаан. Өмнө нь Цагаан сарын барилдааны тасалбар худалдан авахын тулд олон цаг дугаарлан зогсдог байсан. Харин өдгөө “Ticket.mn” сайтаар борлуулж буй. Хэдийгээр цахимаар борлуулдаг болсон ч сар шинийн барилдааны тасалбартай холбоотой хэл ам багагүй гарсаар ирсэн. Өнөө жилийн Цагаан сарын барилдааны тасалбарын борлуулалт өчигдөр 11.00 эхэлсэн ч 1-5 дугаар эгнээний урдуур суудлууд хэдхэн минутын дотор дуусчихсан, гайгүй суудал олдохгүй байгаад иргэд бухимдалтай байна. Үүний улмаас олон, олон бөхийн хорхойтон барилдааны тасалбаргүй үлджээ.
Тэд “Борлуулалт эхлэнгүүт МҮБХ шагчидтай нийлээд гол суудлуудыг хав дарчихлаа” гэж хардаж буйгаа хэллээ.
Иргэн С.Нэмэхбаяр барилдааны тасалбарын борлуулалт эхлэнгүүт буюу 11.00 цагт "Ticket.mn" рүү оржээ. Тэгэхэд Бөхийн өргөөний урдуур суудлууд ийнхүү дуусчихсан байсан гэнэ. Саарал өнгөтэй байгаа нь зарагдсан, цэнхэр суудлууд нь авах боломжтой суудал юм.
Үнэхээр урд эгнээнүүдийн 2000 орчим тасалбар хэдхэн минутын дотор зарагдсан уу. Эсвэл хэн нэгэн сар шинийн өдрүүдэд “шаглах”-ын тулд олноор нь худалдаж авсан уу.
МҮБХ: БОРЛУУЛАЛТ ЭХЛЭНГҮҮТ ХҮМҮҮС ТАСАЛБАР ХУДАЛДАЖ АВСАН НЬ Л ЭНЭ
Энэ талаар бид эхлээд МҮБХ-ноос тодруулахад “Бөхийн барилдааны тасалбарыг хүн бүхэнд хүртээмжтэй болгохын тулд манай холбоо “Ticket.mn”-тэй хамтарч байгаа. Жил жилийн сар шинийн барилдаан олны хүлээлтэд байдаг. Тиймээс борлуулалт эхлэнгүүт хүмүүс худалдаж авсан нь л тэр байх. Борлуулалт эхэлснээс хэдэн минутын дотор хэдэн тасалбар зарагдсаныг мэдэхгүй. Борлуулалттай холбоотой асуудлыг “Ticket.mn” хариуцдаг. Цагаан сарын барилдааны хоёр өдрийн тасалбарын үнэ нь 60.000 төгрөг” гэлээ.
Үүний дараа “Ticket.mn”-тэй холбогдон, тодруулах гэсэн боловч утсаа авсангүй.
Цагаан сарын барилдааны тасалбаргүй үлдсэн иргэд ингэж ярилаа.
Х.ЭРДЭНЭБАЯР: ГАНЦХАН МИНУТЫН ДОТОР 1-5 ДУГААР ЭГНЭЭНИЙ БҮХ СУУДАЛ ЗАРАГДАХ БОЛОМЖГҮЙ
Цол олгодоггүй тул Цагаан сарын барилдааныг хамгийн шударга болдог гэж би итгэдэг. Бөхчүүд яг үнэн хүчээрээ, шударга барилддаг. Улсын наадмаар бөөн найраа болдог, зарим нь харваас худлаа унадаг. Цагаан сарын барилдаанаар тэгдэггүй. Битүүний өдөр Бөхийн өргөөнд бөх үзээд суух жаргал шүү дээ, уг нь. Даанч тасалбар нь олдохгүй юм аа. Хоёрдугаар сарын 16-нд 11.00 цагаас тасалбарын борлуулалт эхэлнэ гэсэн зар МҮБХ оруулсан байсан. Тиймээс урдуур, аятайхан суудалд сууя, бөхчүүдийг ойроос үзье гээд бүр яг анаж, хүлээж байгаад авъя гэж бодсон юм. 11.00 цаг болонгуут би “Ticket.mn” рүү орсон. Оронгуут 1-5 дугаар эгнээний бүр суудал дуусчихсан байсан. Ойролцоогоор 2000 орчим суудал ганцхан минутын дотор дуусна гэж байхгүй. МҮБХ “шагчид”-тай нийлээд хав дарчихлаа. Тэгээд би урдуур аятайхан суудал авч чадаагүй. Бүр арын суудал л байхаар нь аваагүй. Монголд ер нь шударга юм байна уу. Энгийн иргэнд Цагаан сарын бөхийн тасалбар ч олдохгүй байна шүү дээ.
Г.БАЛДОРЖ: МҮБХ ЦАГААН САРЫН БАРИЛДААНЫГ БИЗНЕС БОЛГОЖ БАЙНА
Манай аав Цагаан сарын барилдаан үзэх гээд хөдөөгөөс ирсэн юм. Аавдаа аятайхан суудалд суулгаад бөх үзүүлчихье гэж их бодлоо. Би яг 11.00 гэхэд сайт руу ороод, цахимаар авах гэж оролдсон. 11.00 цагт бүх урдуур суудал нь зарагдаад, түгжигдчихсэн. Аргагүйн эрхэнд бүр арын суудал авлаа.
Цагаан сарын барилдааныг олны танил хүмүүс, томоохон албан тушаалтнууд дандаа урдуур суугаад үздэг. Энгийн иргэнд аятайхан суудал олддоггүй шүү дээ. МҮБХ гайгүй суудлуудыг олноор хав дараад цааш нь шагладаг байх. Тэгдэггүй юм бол ийм олон тасалбар тийм хурдан дуусахгүй шүү дээ. Цагаан сарын барилдааныг МҮБХ бизнес болгож байна. Над шиг ийм гомдолтой үлдсэн, урдуур суудал авч чадаагүй олон хүн бий. МҮБХ барилдааны тасалбараа цахимаар борлуулдаг болсон ч юу ч өөрчлөгдсөнгүй. Харин ч өөрсдөө олныг хав дарах боломж бүрдэж. Үнэндээ шударга бус санагдаж байна.