“Хөрөг нэвтрүүлгийн” энэ удаагийн дугаарт цонхны салбартаа, үйлдвэрийн туслах ажилтнаас эхлэн өөрийн компанийг үүсгэн байгуулж, салбартаа 17 жил тасралтгүй ажиллаж буй "Мөнхийн гэгээ цонх” компанийн захирал Г.Мөнх-Очирыг урьж ярилцлаа. Түүний хувьд хөдөлмөр үргэлж үр шимээ өгдөг, тууштай, нягт нямбай ажиллаж, эргээд таарахад бүтэн нүүртэй, инээж уулзахыг өөрийн зарчмаа болгон ажилладаг тухайгаа манай нэвтрүүлэгт ярьсан юм.
Г.Мөнх-Очир Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн. Барилгын салбар буюу цонхны салбарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа аж.
Түүний хувьд оюутан цагаасаа ажил хийж, түүнийгээ үргэлжлүүлж хийсээр өнөөдөр цонхны салбартаа өөрийн компанийг үүсгэн байгуулаад долоо дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа тухайгаа бидэнд хуваалцсан юм. тэр цонхны салбарт ажилчин, үйлдвэрийн дарга, инженерээр гээд доороос нь эхлэн шат шатаар ахисаар арав гаруй жил ажиллажээ. Бүх л зүйл стандарт, чанараараа ялгардаг. Түүний үүсгэн байгуулсан “Мөнхийн гэгээ цонх” ХХК олон улсын стандартыг мөрдөж, Германы хамгийн сайн чанарын бүтээгдэхүүнийг Монголд оруулж, үйлдвэр үйлчилгээгээ явуулж байгаагаараа онцлогтой юм.
ХАРИЛЦАГЧДАДАА ХҮНДРЭЛ УЧРУУЛАХГҮЙГ ХИЧЭЭЖ АЖИЛЛАДАГ
Г.Мөнх-Очир “Бизнесийн хамгийн чухал, үнэт зүйл нь харилцагч байдаг. Бид харилцагчидтайгаа нэг удаа бус урт хугацааны туршид хамтарч ажиллахыг зорьдог. Нэг удаа мөнгө аваад, ажлыг нь хийсэн болоод өнгөрөх биш ажлаа сэтгэлд нь хүртэл хийх хэрэгтэй. Алдаа гарвал хүлээн зөвшөөрдөг, засдаг, хаяж явдаггүй байхыг эрхэмлэн ажилладаг. Мэдээж төгс зүйл байхгүй. Шинэ боловсон хүчнээс алдаа гардаг. Түүнийгээ засаж, залруулаад явдаг” гэж өөрийн ажиллах арга барил, туршлагаасаа хуваалцлаа.
ААВЫНХАА ХҮРЭЭГҮЙ МӨРӨӨДЛИЙГ ХҮҮ МИНЬ БИЕЛҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ
Тэрээр Биеийн тамирын дээд сургууль төгссөн. Багаасаа бөхөд, спортод дуртай хүүхэд байжээ. “Бага насны мөрөөдлөө одоо хүртэл хаяагүй” гэж өөрийн нандин мөрөөдлөө хуваалцахдаа “Аав нь хүрээгүй газар унага нь хүрдэг шиг аавынхаа хийгээгүй зүйлийг хүү нь гүйцээгээсэй гэсэн бодол аав хүний хувьд бодож явдаг. Хүү маань бөх болно гэвэл би хамгийн түрүүнд дэмжинэ” хэмээн сэтгэлийн гүндээ тээдэг нандин хүслээ ярьсан юм.
Г.Мөнх-очир эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. “Миний ажлын хамгийн том ачааг үүрч яваа хүн манай эхнэр. Хүүхдүүд маань ойрхон төрсөн. Хоёр сайхан хүү, хоёр хөөрхөн охинтой. Сайхан амьдарч байна. Эхнэр бид хоёр анх танилцахад, эхнэр маань хоёр ч их сургууль төгссөн. Үргэлжлүүлээд гадаад явж сурах гэж байсан. “Хоёулаа нэг хүүхэдтэй болчхоод л, гадаадад суръя” гэж ярьж байсан ч үргэлжлүүлээд дөрвөн хүүхэдтэй болсон. Одоо хүүхдүүд том болохоор ханийнхаа мөрөөдлийг биелүүлж, гадаадад сургана” ярилцаад л, хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлж байна” гэж ярихад нь гэргийгээ хүндэлж, хайрладаг, сайн нөхөр, сайн аав болох нь харагдаж байлаа.
МОНГОЛ УЛС ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ БОЛЧИХВОЛ БИЗНЕС ЭРХЛЭХ БОЛОМЖ ӨНДӨР
Тэр ажил, мэргэжилдээ эзэн болсон чадварлаг удирдагч юм. Цонх хийхийн тулд эхлээд тоног төхөөрөмжүүдээ мэддэг байх хэрэгтэй. Тоног төхөөрөмжийн угсралт, мэдлэг талдаа гадаадын инженерүүд түүнийг их үнэлдэг байна. Ямар ч зүйлийг сайн хийхийн тулд цаг хугацаа зарцуулж, сэтгэл гаргаж, алдаж, онож сурдаг. Тэр ч түүнийг тойроогүй, дайрсан. Олон жилийн турш сайн муу, чанартай чанаргүй зүйлсийг туршиж үзсээр одоо Монголын цаг агаарт аль улсын стандарт хамгийн чухал гэдгийг мэдэж, стандартын дагуу маш сайн цонх хийдэг болсон байна.
Тэрээр “Гадаадын улсууд Монголд бизнес хийхэд таатай нөхцөлтэй гэж ярьдаг. Би дотор нь ажиллаж байгаа хүний хувьд боломжийн санагддаг. Хүн бүр хичээж зүтгээд, гарц гаргалгаа хайгаад, ажил хөдөлмөр эрхэлбэл боломжгүй зүйл байхгүй. Гэхдээ жижиг аж ахуй нэгж, үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст хөнгөлөлт байхгүй нь дараа болдог шиг санагддаг. Жишээлбэл, АНУ, Германд шинэ үйлдвэрийн газруудын татварыг эхний гурваас таван жил тэглэдэг. Энэ нь үйл ажиллагаанд их дэмжлэг болдог. Үүнийг манай улсад их хэрэгтэй болов уу гэж боддог. Бусдаар Монголд үйл ажиллагаа явуулж, бизнес хийхэд таатай, сайхан санагддаг” гэж Монгол бизнес эрхлэх боломжийн талаар ярьсан юм.
ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ҮЙЛДВЭРҮҮД НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ЗОРЬДОГ
Г.Мөнх-Очир инженер хүний хувьд Монголд хамгийн анхны 100 давхар шилэн барилгыг барина гэдэг том зорилт тавин ажиллаж байна. Үүнийгээ ч биелүүлнэ гэж боддог гэв. Тэрээр “Монгол улсдаа олон улсын стандартыг хангасан үйлдвэрүүдийг бий болгож ажиллах зорилготой. Зорилгын маань хүрээ тэлж, Эрдэнэт, Дарханд шинэ салбараа нээсэн. Цаашлаад 21 аймаг, хөгжиж буй суманд хүрч ажиллана. Үнэхээр бизнес хийх, ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой залууст үнэгүй зөвлөгөө өгч, зааж сургаад, стандарт үйлдвэрийг олон болгохын төлөө зорьж ажиллана” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.