Ардчилсан Намын дарга гэгдэх С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын ЕНБД Д.Эрдэнэсувд нар УДШ-ийн шийдвэр, АН-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Улсын Дээд шүүх хуулийн дагуу бүртгэлийг явуулсан бол үр дүн ингэж гарахгүй байсан. Ардчилсан намаа худалдах замаар эрх баригчдын охин нам болох замаар, өөрсдийн амин хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж асуудлыг шийдэх гэж оролдож байгаа этгээдүүдтэй бид хэзээ ч нэг туг дор явж чадахгүй. Бид эвлэрлийн төлөө биш шударга ёсны төлөө явж байгаа.
Бид Улсын Дээд шүүхийн бүрэлдэхүүнд итгэхгүй байна. Олон гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн энэ шүүх яаж шударга шийдвэр гаргах юм бэ. Ардчилсан намын даргыг хүчирхийллээр, дур мэдэн томилж байгаа нь ардчилал монголд баталгаагүй болж буйг харуулж байна.
Л.Гантөмөрийг аль ардчилсан нам даргад нэр дэвшүүлсэн юм. Ардчилсан нам ямар тоглоом юм уу. Улсад бүртгэлтэй, хууль ёсны тамга, тэмдэгтэй, парламентад суудалтай улс төрийн нам. Яахаараа хэсэг бүлэг нөхөд өөрсдийгөө АН-ын Үндэсний бодлогын хороо гэж нэрлэн хурал зарлаад, 200 мянган гишүүнтэй АН-ын даргыг 200-хан хүн цуглуулаад сонгож байдаг юм. Энэ асуудлыг АН-ын Үндэсний бодлогын хороо авч хэлэлцэнэ. Энэ шийдвэрийг гаргасан УДШ-ийн нэр бүхий шүүгчдийг холбогдох хууль, хяналтын байгууллагад өгнө" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат, "УИХ-д АН-ыг сөрөг хүчин болж чадахгүй байна гэж иргэд ярьдаг. Парламент нь ажиллаж чадахгүй, сөрөг хүчин нь сөрөг хүчин биш болсон. Охин нам бий болгодог, ганц намын системд оруулах гэсэн дарангуйллын хэлбэрт шилжихэд маш ойрхон болсон байна. Тухайлбал, АН-ыг охин нам болгох гэж байна.
АН бол барууны үзэл баримтлалтай бөгөөд иргэн баян бол улс баян гэж үздэг. Харин МАН зүүний үзэл баримтлалтай. Тэд халамжийг хавтгайруулдаг. Ийм маягаар олон жил явахаар улс орон нүдэн дээр яаж сүйрч байгааг харж байгаа байх. Ажил хийж, баялаг бүтээж байгаа хүмүүсээ дарамталж, амьдрах аргагүй болгосон. Үүнд цэг тавьж чадах ганц нам нь АН юм" гэж хэлэв.