Их хүрээ хийдийн хамба лам З.Санждорж Туулай жилийн өнгө зурхайн зурлагад хэрхэн буусан талаар мэдээлэл өглөө.
17-р жарны үзэсгэлэн болгогч хэмээх Усан туулай жил маань морилон ирж байна. Жилийн төлөв байдлаар, ард түмэн өлсөх цангах зовлонгүй, өег цатгалан байна. Элдэв төрлийн халдварт өвчингүй, сэтгэл амар сайхан жил болно. Хаад ноёд, төр засгийн эрх баригчид хууль цаазаа ёсчлон сахиж чадваас түмэн олон аз жаргалтай, баяр цэнгэл наадмаар бялхаж, дуу хуур хөгжим, эгшиг аялгуу цуурайтсан, дэлгэр жил гарна хэмээн судар номонд айлдсан байна.
Хаврын урь хоёрдугаар сарын 4-нд орсон. Энэ өдрийн шинж байдлаар тодорхойлбол тэнгэр ямар ч үүлгүй, тунгалаг байсан. Иймээс хавар цас мөс эрт хайлахаар байна. Хур тунадас цагтаа бууж, гал усны аюулгүй байна. Зун өвс ногооны гарц сайн байж, дэлгэр сайхан зун болох нь ээ.
Өндөр настай хүмүүст ээлтэй сайн жил болно. Идэр залууст ердийн хэвийн, дунд зэрэг байна. Хүүхэд багачуудад хатуу ширүүн байх магадлалтай.
Нийгэм, улстөрийн хувьд зөрчил маргаан ихтэй байна. Залуучуудын нийгмийн идэвх оролцоо сайжирна. Улстөрийн тэмцэл хурцадмал байж, сөрөг хүчний үйл ажиллагаа чангарна. Төрийн хууль цааз чангарч, үндсэн хуульд өөрчлөлт орох магадлалтай.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.