IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн гэх О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан 48 цаг 461 дүгээр ангид саатуулсан. Дараа нь суллаад хилийн хориг тавиад байв.
Тэгвэл өнөөдөр цагдан хорих, таслан сэргийлэх шүүх хурал болж, О.Мөнхжинг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ. Энэ талаар О.Мөнхжин өөрийн цахим хуудастаа мэдээлсэн байна.
Тэрээр, "Ямар ч гэм буруугүй атлаа хүн хоригддог юм байна. Үнэхээр аймаар систем байна шүү залуучууд аа. Үүний золиос нь маш олон залуучууд болж байна.
О.Мөнхжин намайг цагдан хорих шүүх хурлаар өнөөдөр гурав дахь удаагаа орууллаа. Өнгөрсөн даваа, лхагва гарагт, бас өнөөдөр орууллаа. Манай өмгөөлөгч нар 20 жил ажиллахдаа 10 хоногийн дотор цагдан хорих шүүхээр 3 удаа орсон хүн байхгүй гэж байна. Өнөөдрийн шүүх хурлаар эхний ээлжид намайг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.
Энэ бол би гэм буруутай болоод намайг цагдан хорино гэсэн үг биш, хэрэг шалгагдаж байх хугацаанд намайг хэрэгт нөлөөлж магадгүй, эсвэл оргон зайлж магадгүй гэсэн ийм шалтаг гаргаад цагдан хорьж байгаа юм. Энэ цагдан хорио нь 30 хоног, 30 хоног гэж явсаар нийтдээ намайг нэг жил хорих ч боломжтой юм байна.
Анх залилан мөнгө угаасан хэргээр шалгасан. Миний оффис гэр орныг нэгжсэн. Юу ч илрээгүй. Бодвол миний гэрээс маш их мөнгө гарч ирж сенсаац тарина гэж бодсон байх. Даанч надад тийм юм байхгүй. Надаас залилан, мөнгө угаах гэсэн зүйл ангиар байцаалт авсан.
Гэтэл 5 дахь өдөр яллагдагчаар татсан тогтоол барьж ирэхдээ зүйл ангиа өөрчлөөд дотоод мэдээлэл ашиглаж арилжаа хийсэн. шууд 30 хоног сунгах гэж чичирсэн. Яалт ч үгүй чичирч дайрч хорих гээд шударга шүүгч нар олж хараад шаардлагагүй гэж үзсэн. хилийн хориг тавьсан. Тэрнээс хойш би болон манай гэр бүл, эцэг эх, эхнэр хүүхэд бүгд сэтгэл санаагаар цөхөрч гүйцэж байна" гэжээ.
Тэрээр хуурай өлсгөлөн зарлахаар шийдсэн мэдэгдлээ.