БНХАУ-ын Гадаад хэргийн яам сүүлийн нэг жилийн хугацаанд АНУ агаарын орон зайд нь 10-аас цөөнгүй удаа агаарын бөмбөлөг хөөргөсөн гэж мэдэгдлээ. Энэ нь 2-р сарын 4-нд АНУ Хятадын тагнуулын гэж сэжиглэж байгаа бөмбөлгийг агаарын орон зай дээгүүр явж байхад нь харвасны дараах мэдэгдэл болж байна. Үүнээс хойш хоёр улсын харилцаа муудсан. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд АНУ Хойд Америкийн агаарын орон зайд үзэгдсэн хэд хэдэн үл мэдэгдэх объектыг буудаж сөнөөсөн билээ. Харин Даваа гарагт АНУ агаарын орон зайг зөрчсөн асуудлаар Бээжин ийнхүү мэдэгдэл хийсэн юм.
Тодруулбал, гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин ээлжит хэвлэлийн бага хурал дээр "АНУ бусад орны агаарын орон зайд хууль бусаар нэвтрэх нь тийм ч ховор үзэгдэл биш" гэж хэлсэн байна.
Тэрээр "АНУ-ын тал хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол Хятадыг муулж, буруутгахын оронд өөрийгөө эргэцүүлэн бодох явдал юм" гэж нэмсэн байна. Харин цагаан ордон Хятадын дээгүүр агаарын бөмбөлөг илгээж, тагнуулын ажиллагаа явууллаа гэсэн Бээжингийн мэдэгдлийг няцаасан бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Адриен Ватсон твиттер хуудсандаа уг мэдэгдлийг "худал" гэж жиргэсэн байна.
SOURCE: BBC