Баянхонгор аймгийн Заг суманд байрладаг Загийн голын эрэг сав хавиар Д.Эрдэнэбилэг гэх хүний “Аарон Металс”хууль бус лицензтэй гэх уул уурхайн компани 2018 оны есдүгээр сараас эхлэн олборлолт хийж эхэлжээ. Үүнийг таван жилийн хугацаанд нутгийн иргэд удаа дараа эсэргүүцэн цагдаа болон шүүхийн байгууллага, АТГ-т нийт таван удаа хандсан боловч үр дүн үзээгүй байна. Улмаар Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөл Загийн голын экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа талаар мэдээллээ.
Иргэд, "Сум маань 100 жилийн түүхтэй. Экологийн суурь гэдэг маань тэрхүү олон булаг шандыг хэлж байна. Тийшээ уул уурхайн компани орох л юм бол устаж үгүй болох эрсдэл байна" гэв.
Түүнчлэн Загийн гол, Их булгийн рашаан, Баян булаг, Нарийн булаг гэх мэт олон булаг шанд нь Заг сумын ундны усны ундарга бөгөөд хууль бус уул уурхайн компаниудын улмаас устах аюулд ороод байна гэлээ. Мөн соёлын үнэт өв болох 3000 жилийн түүхтэй Хиргисүүр булш тэргүүтэй олон түүхийн үнэт өв соёл устах аюулд орсон байна.