Турк, Сирийн газар хөдлөлт болоод долоо хоног өнгөрч байна. Аврах багийнхан нурангид дарагдсан хүмүүсийн биеийг гаргасаар байгаа бөгөөд нас барагсдын тоо 50 мянгад хүрч магадгүйг НҮБ анхаарууллаа.
Улс орнуудын явуулсан аврах багийнхан гол цэгүүдэд ажилласаар байгаа ч одоо амьд үлдэгсдээс илүү цогцос олдох нь нэмэгдэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Түүнчлэн нурангиас хүн аврах ажиллагаа шувтарч байгаа талаар НҮБ-ын удирдлагууд хэлжээ. Өөрөөр хэлбэл, хүн аврах ажиллагааны хугацаа “ерөнхийдөө” дуусаж, хүмүүнлэгийн ажил хийж эхлэхэд яаралтай бэлтгэх хэрэгтэйг сануулсан байна. Учир нь газар хөдлөлт болсон бүсэд цаг агаар хүйтэн байгаагаас болж өнгөрсөн долоо хоногт аврагдсан хүмүүс болон газар хөдлөлтөөс амьд гарсан ч гэр оронгүй болсон болсон хүмүүс хүндхэн сорилттой тулж ирсэн юм. Ялангуяа, сүүлийн арван жил тун хүндхэн цагийг туулж ирсэн Сирийн Алеппо хотын нөхцөл байдлыг яаралтай хяналтдаа авч, хоргодох байр, хоол, усаар хангахыг НҮБ-аас уриалсан байна.
Олон улсын тусламж хамгийн их хэрэгтэй байгаа ч бодитоор хүрч чадахгүй байгаа газар нь Сирийн газар хөдлөлтөд өртсөн бүс нутаг гэдгийг хэвлэлүүд мэдээлсээр байгаа юм.
SOURCE: DW