Өнгөрсөн оны сүүлээс хойш БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өөрийн охин Жү Э-гээ олны нүдэнд чухал үйл ажиллагаануудын үеэр хамт дагуулж явах болсон. Ингэснээр БНАСАУ-ын дөрөв дэх үеийн удирдагч тодорхой боллоо ч гэж хэвлэлүүд таамаглаж байсан юм.
Ким Жү Э-г одоо 10 настай гэж таамаглаж байгаа ба тус улсын эрх баригчид залуу залгамжлагчийг эртнээс бэлдэж, алдаршуулахын тулд түүнтэй төстэй нэртэй хүмүүсийг нэрээ солихыг шаардаж байна гэсэн мэдээлэл гарчээ.
Тодруулбал, БНАСАУ-ын эрх баригчид Жү Э гэсэн нэртэй хүмүүсийг яаралтай, заавал нэрээ солих шаардлага тавьж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Түүнчлэн ийм нэртэй хүмүүсийг хайх ажиллагаа ч эхэсэн талаар зарим нэрээ нууцалсан БНАСАУ-ын хэвлэлүүд гадны эх сурвалжид мэдээлэл өгчээ. Удирдагчтайгаа ижил нэргүй байх ёстой “уламжлал” нь БНАСАУ-ын хувьд шинэ зүйл биш. Ким Ил Суны үед ч тэр, одоогийн удирдагч Ким Жон Ун, түүний эхнэр Сол Жу-гийн нэртэй ижил нэртэй хүмүүсийг ч мөн нэрээ солихыг шаардаж байжээ.
SOURCE: KOREA TIMES