К-поп ертөнцийн хамгийн алдартай эрэгтэй хамтлагуудын нэг болох “Big Bang”-ын гишүүн асан Сынри ялаа эдэлж дууссан талаар тус улсын Хууль зүйн яам мэдээлжээ.
Түүнийг тойрсон энэ дуулиан хэсэгтээ л энтертайнмэнт ертөнцийг шуугиулаад байсан билээ. Өдгөө 33 настай түүнд анх гурван жилийн ял оноож байсан ч дээд шүүхээс үүнийг нь 18 сар болгож, хөнгөрүүлж байсан юм.
Тэрээр Ганнам дахь “Burning Sun” шөнийн клубээс хөрөнгө завшиж, мөрийтэй тоглосон, хөрөнгө оруулагчдад зориулж биеэ үнэлэгч худалдаж авсан зэрэг есөн хэргээр ял сонссон билээ.
Тухайлбал, шүүхээс түүнийг 2013-2017 оны хооронд 2,2 тэрбум вон буюу 1,7 сая ам.доллартай холбоотой хууль бус мөрийтэй тоглоомын хэрэгт мөн буруутай гэж үзсэн юм. Сынри буюу И Сен Хён анх “Big Bang” хамтлагт 2006 онд орж байсан ба энэ дуулиан гарснаас болж 2019 онд хамтлагаа орхисон билээ.
SOURCE: KOREA HERALD