Энэтхэгт долоо хоногийн өмнөөс насанд хүрээгүй хүүхэдтэй гэрлэсэн хэргүүдийг шалгаж, холбогдсон хүмүүсийг баривчилж эхэлсэн. Энэ баривчилгаа Энэтхэгийн зүүн хойд хэсгийн Ассам мужид голчлон явагдсан юм. Гэвч 18 нас хүрээгүй байхдаа гэрлэсэн эмэгтэйчүүд буюу засгийн газрын уг үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа эмэгтэйчүүд жагсаал өрнүүлж эхэлжээ.
Тэд хэдий хууль зөрчиж, гэрлэсэн ч одоо нэгэнт амьдралаа төвхнүүлсэн байхад эр нөхрүүдийг нь баривчилсанд эгдүүцэж буйгаа илэрхийлж байгаа нь энэ аж. Тухайлбал, насанд хүрээгүй байхдаа гэрлэсэн Момина Хатун гэх эмэгтэйг BBC агентлаг онцолсон байна. Түүний амьдрал таатай эхлээгүй ч энэ гэрлэлт санаснаас нь амжилттай байгаа гэж ярилцлага өгөхдөө дурьджээ.
Тэрээр 17 настай байхдаа фермер нөхөртэйгөө гэрлэсэн бөгөөд тарчиг амьдралаасаа болоод ийн эрт гэрлэсэн тухайгаа мөн хуваалцсан байна. Одоо долоон сартай жирэмсэн Момина Хатун нөхөргүйгээр амьдрах боломжгүй хэмээж, цагдаа нарын энэ баривчилгааг оновчгүй шийдэл гэж буруутгаж байгаа юм.
Энэтхэгийн энэ бүс нутагт насанд хүрээгүй хүүхэдтэй гэрлэх явдал их байгаа бөгөөд зөвхөн гэрлэсэн эрчүүд ч бус, холбогдсон санваартнуудыг мөн баривчилж байгаа юм. Хөндлөнгийн судлаачдын хэлж буйгаар “Энэтхэгийн тодорхой бүс нутгуудад амьдралын түвшин тун тааруу, ядуурал их байдаг тул охид, бүсгүйчүүд насанд хүрээгүй байхдаа гэрлэх явдал их байдаг” гэж дүгнэжээ.
SOURCE: BBC