Кардашианы гэр бүл хэзээнээс олны анхаарлын төвд сайнтай, муутай байсаар ирсэн билээ. Эгч дүүсийн хамгийн том нь болох, өдгөө 43 настай Кортни Кардашиан сүүлийн үед хувийн блогоороо дамжуулан эмэгтэйчүүдэд эрүүл амьдралын зөвлөгөө өгөх ажилдаа анхаарах болсон.
Өнгөрсөн жилээс “Lemme” гэх нэртэй эрүүл мэндийн шинэ бэлдмэлээ ч гаргаж амжсан юм. Гэвч энэ бэлдмэлийн шинэ төрөл нь олон нийтийн, тэр дундаа мэргэжлийн хүмүүсийн шүүмжлэлийг ихээр дагуулж байна. Тэрээр шинэ “Lemme”-гийн сурталчилгаанд зориулж өөрийг нь тойроод олон муур явж байгаа бичлэгийг инстаграм хуудсандаа оруулсан юм.
Шинэ бэлдмэлийн найрлагад нь ханборгоцой, витамин C, пробиотик орсон ба эмэгтэйчүүдийн нандин эрхтэнд маш тустай бүтээгдэхүүн гэж сурталчилж байгаа юм. Энэ бэлдмэл нь эмэгтэйчүүдийн нандин эрхтний эрүүл ахуй, үнэр гэх мэт олон зүйлсэд нь чухал ач холбогдолтой гэж Кортни Кардашиан онцолсон. Харин эмэгтэйчүүдийн эрүүл мэндээр мэргэшсэн томоохон судлаач, эмч нар эмэгтэйчүүд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг уриалж эхэлсэн байна.
Тухайлбал, “Үтрээний библи” номоороо алдаршсан Др.Жен Гантер “Үтрээний эрүүл ахуй, үнэрийг сайхан болгоно гэж бүтээгдэхүүн зарж байгаа хүн бол яавч зөв юм ярьж, сурталчилж байгаа хэрэг биш” гэжээ. Түүнчлэн ханборгоцой эмэгтэйчүүдийн нандин эрхтний үнэрт нөлөөлдөг тухай яриа нь баталгаагүй гэдгийг мөн сануулсан байна.
Харин Их Британийн тэргүүлэх эмийн сангуудын нэг болох “Lloyd Pharmacy”-гийн удирдлагын зүгээс “Эмэгтэй хүний үтрээ тодорхой хэмжээнд үнэртэй байх нь хэвийн зүйл. Энэ нь гормон, хооллолт, хийж байгаа ажлаас нь хүртэл шалтгаалдаг” гэсэн байна. Цахим сүлжээ хэрэглэгчид “үтрээ заавал сайхан үнэртэй байх хэрэгтэй гэсэн худал төөрөгдөл үүсгэж, эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлд нөлөөлж байна” гэж шүүмжилсээр байгаа юм. Харин зарим нь Кардашиан бус, эмчээ сонс гэжээ.
SOURCE: BBC