Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн зохицуулалтын талаар санал солилцов.
Тэрбээр нэгдүгээр эгнээ чөлөөлөх ажлын хүрээнд хийгдэж буй бэлтгэл ажил, зохион байгуулалтын тухай мэдээлэл сонсов. Эхлээд Энхтайваны өргөн чөлөө дагуух зам буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлага хийх ажлыг энэ оны хагас улиралд багтаан дуусгах чиглэлийг холбогдох албаныханд өглөө.
Дараагийн ээлжид Чингисийн өргөн чөлөөг болон Наадамчдын гудамжийг 1 дүгээр эгнээгээр явуулах ажлыг судлан тооцож байгаа аж.
Мөн сар шинийн баярын бэлтгэлээ базаах иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд замын хөдөлгөөний уян хатан зохицуулалтыг шуурхай хийх шаардлага үүсэж байна. Иймд иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран уялдаа холбоотой ажиллах хэрэгтэйг сануулав.
Худалдаа үйлчилгээний томоохон төв болсон Дүнжингаравын авто замын ачааллыг бууруулах шийдлийн талаар мэргэжлийнхний саналыг сонслоо.
Өнөөдрийн уулзалтад Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан, хэлтсийн дарга Б.Одбаяр, Нийслэлийн авто зам засвар, ашиглалтын газрын дарга Б.Галхүү, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ц.Батгэрэл нар оролцжээ.