Турк, Сирийн газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 20 мянгад хүрсэн байна. Барууны орнуудын хориг болон тусламж нэвтрэх боломжтой цорын ганц боомт нь нурангид сүйдсэний улмаас гадны тусламж Сири улсад орж чадахгүй, гацаад байсан. Харин энэ гарцыг сэргээснийг НҮБ өчигдөр мэдэгдсэн ба эхний тусламж тус улсад оржээ.
Газар хөдлөлтөд өртсөн Туркийн өмнөд ба Сирийн хойд хэсгийн бүс нутагт бусад улс орнуудаас тусламж ирсээр байна. Тухайлбал, Украинаас аврах багаа илгээсэн бол Их Британи хээрийн эмнэлэг барихаар ажиллаж байна. ДЭМБ-аас нурангид дарагдсан хүмүүс олон хоног хоол, усгүйгээс гадна гарч ирээд хоргодох байрны хомсдол ихээр үүсэж байгаа тул эрүүл мэндийн ээлжит сорилт тулгарна гэдгийг анхааруулж байна.
Цаг агаар хүйтэн, мөн газар хөдлөлт болоод дөрвөн хоног өнгөрсөн тул найдлага цаг тутамд тасарч байгаа талаар газар дээр ажиллаж байгаа аврах багийнхан хэлсэн байна. Газар хөдлөлт болсноос хойш 1-3 өдрийг “гол цаг” гэж нэрлэдэг ба үүнээс хойш аврах ажиллагаа улам хүнд нөхцөлд ордог аж.
SOURCE: BBC