Сүүлийн жилүүдэд бэлгийн үйл ажиллагааны хямрал залуучуудад зонхилон тохиолдох болсон талаар Эрэгтэйчүүдийн Эмнэлэг, Шинжилгээ, Оношилгооны Төвийн эмч, АШУ-ны магистр С.Арнабек хэлж байна. Бэлгийн үйл ажиллагааны хямрал буюу бэлгийн сулрал нь сэтгэл санааны болон бие махбодын асуудлаас шалтгаалдаг. Хэрвээ бэлгийн сулралтай болсон бол дур мэдэн эмчилгээ хийж, мэргэжлийн бус хүний зөвлөгөөг дагахгүй байхыг тэрээр зөвлөлөө.
Түүнээс бид бэлгийн сулрал үүсэх шалтгаан, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай тодрууллаа.
Тэрээр, Бэлгийн үйл ажиллагаа гэдэг нь харааны болон төсөөллийн төвд үүссэн сэрэл нуруугаар дамжаад гормоны орчимд очин, цусаар эрэгтэйчүүдийн бэлэг эрхтнийг хөвчрүүлэх үйл явцыг хэлдэг. Эдгээр процесс алдагдах нь бэлгийн үйл ажиллагааны хямрал явагдаж буй хэлбэр юм.
Сүүлийн үед эрэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож буй шинж тэмдгүүд нь бэлгийн үйл ажиллагааны хямрал байна. Туршлагын хувьд ажиглаад байхад, энэ асуудал төмрийн хэрэглээ, өөрөөр хэлбэл махны хэрэглээ их байгаатай холбоотой. Дараагаар нь инсулины түгжрэл, сахрын хоёрдугаар хэв шинжийн эхэн үед ажиглагдаж байна. Мөн өөх тосны солилцооны алдагдлууд, зүрх судасны өвчин зэрэг нь залуучуудын дунд бэлгийн үйл ажиллагааны сулрал үүсэхэд нөлөөлж байна.
ФИТНЕСЭЭР ХИЧЭЭЛЛЭХДЭЭ, ДУР МЭДЭН БЭЛДМЭЛ УУЖ БУЙ НЬ АСУУДАЛ БОЛООД БАЙНА
Маш энгийнээр тайлбарлавал, шалтгаан нь буруу хооллолт, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй гэж болно. Түүнчлэн фитнесийн янз бүрийн бодисуудыг залуус ихээр хэрэглэх болжээ. Мэргэжлийн биш хүмүүс үйлчлүүлэгчдэд дураараа гормон тарьж өгөх үзэгдэл ихэссэн байна. Үүнээс болж төмсгийн үйл ажиллагаа алдагдах шалтгаан болно. Улмаар үргүйдсэн, бэлгийн үйл ажиллагааны хямралд орсон хүмүүс маш ихээр хандаж байна. Хандаж буй эрчүүдийн дийлэнх нь бага залуу насныхан байна.
Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд дээр дурдсан шалтгаануудыг анхаарах нь зүй. Мөн сахар ихээр агуулсан хоол хүнснээс татгалзах шаардлагатай. Хийжүүлсэн ундаа зэргийг ихээр хэрэглээд байвал бэлгийн сулралтай болно л гэсэн үг. Тэгэхээр энэ бүхнээс татгалзах хэрэгтэй юм. Химийн гаралтай бэлэн хүнснүүд бэлэг эрхтний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа гэсэн үг. Аль болох натурал хүнс хэрэглэх ёстой.
СЭТГЭЛ ЗҮЙ БОЛОН БИЕ МАХБОДЫН АСУУДЛААС ҮҮДЭН БЭЛГИЙН СУЛРАЛ ҮҮСНЭ
Бэлгийн үйл ажиллагааны хямралд өртсөн бол мэргэжлийн эмчид хандаж шалтгаанаа тодорхойлох хэрэгтэй. Сэтгэл зүйн болон бие махбодын шалтгаанаас үүдэж бэлгийн сулралтай болдог. Сэтгэл зүйн талын шалтгааныг эмч үйлчлүүлэгчээс асуумж аваад тодорхойлно. Бие махбодын асуудлыг нь шинжилгээгээр гаргаад ирнэ . Түүнээс биш интернэтэд байдаг зөвлөгөөг турших, хоол хүнсээрээ шийдэх гэж оролдох, дур мэдэн эм бэлдмэл хэрэглэх нь зөв гаргалгаа биш. Таны асуудлыг шийдэж чадахгүй.
Зарим тохиолдолд нуруу нугас, тархины гэмтэл зэрэг нь бэлгийн үйл ажиллагааны сулралд нөлөөлж байдаг. Манай эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүсийн 30 орчим хувь нь бэлгийн сулралтай байна” гэлээ.