Олон улсад түгээмэл хэрэглэдэг орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоо нь банкны олгосон ипотекийн зээлийг багцлан худалдан авч, санхүүгийн хоёрдогч зах зээл дээр хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу урт хугацаат бонд гаргадаг үйл ажиллагаа юм. Улмаар ипотекийн зээл барьцаалсан бонд гаргаснаар тухайн зээлүүдийг банкнуудын балансаас авч, худалдан авснаар дараагийн өрх айл, иргэд шинээр ипотекийн зээл авах боломж бүрддэг төдийгүй иргэдийн ипотекийн зээлийг 30 хүртэлх жилийн хугацааг баталгаажуулдаг.
Иргэдийг орон сууцжуулах, орлогод нийцсэн орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2013 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газраас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд манай улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкнууд, Монголын ипотекийн корпораци гэх зэрэг байгууллагууд хамтран оролцож, төр хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишгийг бий болгож амжилттай нутагшуулсан байна.
Хөтөлбөрийн хүрээнд 100 мянга гаруй өрхийн зээлийг худалдан авч үнэт цаасжуулсан бөгөөд худалдаж авсан зээлийн 90 гаруй хувийг системийн нөлөө бүхий банкууд болох Хаан, Хас, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банкууд олгосон байна.
“Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь 2006 онд үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн иргэдийг орон сууцжуулах, агаар хөрсний бохирдлыг бууруулах төрийн бодлогын хүрээнд ипотектийн хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, хувийн хэвшлийн санхүүгийн мэргэжлийн байгууллага юм.
Эх сурвалж: Монголын ипотекийн корпораци https://www.mik.mn/mn/