Сөүлийн Синчон дүүрэгт, Ионсей их сургуулийн зэргэлдээ “Room cafe” буюу өрөөтэй кафе гэх газар нээгдсэн нь залуусын анхаарлыг ихээр татаж байна. Гэхдээ энэ газар нь кофе эсвэл амттан зардаг “кафе” биш юм байна. Харин энд жижигхэн өрөөнүүд байх ба өрөө тус бүр 3 метр квадратаас бага орон зайтай. Өрөөнүүдэд ор байх ба ихэнхдээ дотроо шүршүүр, телевизтэй.
Энэ газрын зорилго нь дийлэнхдээ өсвөр насны буюу жижиг дэн буудлуудад үйлчлүүлэх боломжгүй настай залууст үйлчлэх юм байна. Энэ өрөөнүүд нь цагийн 8 ам.доллар буюу ойролцоогоор 25 мянга орчим төгрөг ба өсвөр үеийнхнийг олны нүднээс ичиж зоволгүй, хамтдаа цагийг өнгөрөөх тухтай орчныг бүрдүүлсэн гэж Korea Herald онцолжээ. Гэвч энэ газрыг тойрсон шүүмжлэлүүд их бий. Тиймээс энэ төрлийн кафе ажиллуулдаг эзэд нь зарим тохиолдолд архи, согтууруулах ундаа дотор хэрэглэхийг хориглодог, мөн орой 10.00 цагаас хойш үйл ажиллагаа явуулдаггүй тухайгаа хэвлэлийнхэнд хуваалцсан байна.
Харин энэ төрлийн кафегаар үйлчлүүлдэг 17 настай сурагч хүү “Би энд ирж ганцаараа видео тоглоом тоглох дуртай” гэсэн бол өөр нэг сурагч охин “Найз залуутайгаа цагийг өнгөрөөх тохиромжтой газар болдог” гэсэн байна. Энэ мэтчилэн “Room cafe”-д ирж үйлчлүүлдэг залуусын зорилго өөр байгаа ч энэ газар нь залуу хосуудыг цэвэрхэн, тухтай, эрүүл бэлгийн харилцаанд ороход нь тусалж чадна гэж зарим хэвлэлүүд дүгнэжээ.
Өөрөөр хэлбэл, өсвөр үеийнхний дунд бэлгийн харилцаанд орох явдал байгаа цагт ядаж л тэдэнд тухтай, санаа зовох шаардлагагүй ийм төрлийн газрууд хэрэгтэй гэж үзсэн байна.
SOURCE: KOREA HERALD