Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан, зохион байгуулсан “Эмэгтэй малчид-манлайлал” зөвлөгөөн, өдөрлөг Төрийн ордонд боллоо. Зөвлөгөөнд 21 аймгаа төлөөлөн 1000-аад эмэгтэй малчин оролцож, төр засагт дуу хоолойгоо хүргэн, тулгамдаж буй асуудлаа ярилцаж, санал солилцсон юм.
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын малчин Ц.Долгоржав “Малчид малын хөлийн татвар төлдөг. Борлуулахдаа бойны мөнгө гэж бас өгдөг. Тээвэрлэхэд бензин, тосны мөнгө мөн төлдөг.
Гэтэл ченжүүдэд худалдахад нэмүү өртгийн татвар өгч байгаа. Тийм шинэ хууль гарчихсан. Үүнийг эсэргүүцэж байна. Би малчдаа төлөөлөөд хэлж байна. Бүх малчин энэ хуулийн эсрэг байна.
Бид тэжээж, өсгөсөн мал сүргээ бусдад борлуулахдаа яагаад татвар төлөх ёстой юм бэ. Энэ татварыг хөдөөгийн нөхцөлд төлөхөд хүнд. Хүн бүхэнд android утас байдаггүй. Хүн бүхэн үүнийг ажиллуулж чадахгүй. Энгийн нэг “Nokia”-тай малчин махаа өгөх гэхээр яах юм бэ. Мах авч байгаа хүн нь “НӨАТ-аа төлж байж махныхаа үнийг ав” гэдэг. Тэгэхээр малчин яах юм бэ. Өнөөхийг нь ажиллуулж чадахгүй, мэдэхгүй хүн олон бий. Энэ бол эргэж харах ёстой асуудал” гэлээ.