Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь өдрийн сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
УУХҮЯ-ны "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор" ТӨХХК-ийн зээлийн асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга дуудагдан оролцож байна.
Тэрбээр “Энэ одоо яг юу нь болохгүй болчхоод байгаа юм. Би ерөөсөө ойлгохгүй байна. Монгол Улс газрын баялгаа боловсруулах ёстой. УИХ, Засгийн газрын тогтоолууд он цагийн дагуу гарчихсан. Үүнд оролцсон хүмүүс бүгдээрээ сууж байна.
Анх удаа бид боловсруулах үйлдвэрийн тухай яриад, сайдын хувьд гэгээлгээр ажлууд хийсэн. Би үүгээрээ бахархдаг.
Монголчууд Эрдэнэт үйлдвэрээс хойш анх удаа үйлдвэр байгуулах гэж ажилласан оролдлого шүү. Алдаа оноо байсныг үгүйсгэхгүй.
Нийт 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх ёстой. Монголын Засгийн газар 34 хувийг нь оруулахад 1.7 орчим тэрбум ам.доллар болох ёстой. 35 мянган га газарт байгаль орчны үнэлгээ хийсэн. Энэ бол тийм амар ажил биш.
Би Ерөнхийлөгч байх хугацаандаа энэ ажлуудыг хийгээд Тавантолгойгоос Сайншанд хүртэлх 416км төмөр зам, авто зам, усны нөөцийн хайгуул, байгаль орчны шинжилгээ гэхчлэн янз бүрийн ажлуудыг нь амжуулсан. Одоо Монгол Улсын Засгийн газар энэ хөрөнгөө 2 тэрбум ам.доллароор үнэлж болж байна.
Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Тавантолгой-Сайншанд хүртэлх 416 км төмөр зам, авто зам, усны нөөцийн хайгуул зэргийг хийхэд өнөөдрийн үнэлгээгээр 2 тэрбум ам.доллар болж байгаа.
Энэхүү ажлыг татан буулгах байхын оронд Засгийн газраас "Сайншандын ажилд зарцуулсан 2 тэрбум ам.доллароо 34 хувь гэж үнэллээ. Үлдсэн 66 хувьд хөрөнгө оруулагчдыг дуудаж байна" гэж зарлах ёстой. Би энэ ажлыг хариуцаад явбал босгочихно. Харамсалтай нь бүтэн нэг жил АТГ, ЭЦА ороод бүгдийг нь шалгачихсан. Баахан хүн аваачиж шоронд хийсэн.
Монголын Засгийн газар 2 тэрбум ам.доллар хийчихсэн. Юун татан буулгах тухай яриад байгаа юм бэ. Тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан Ч.Хүрэлбаатар энэ асуудлуудыг оруулж ирж байсан. Түүнийг толгойлж хийсэн л гэж бодож байна. Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх, газрын баялгийг боловсруулах асуудлыг жадлан эсэргүүцдэг хүн бол энэ Ч.Хүрэлбаатар. Ний нуугүй л хэлж байна.
Б.Энхбаяр аа, одоо яах уу. Та нарын намын мөрийн хөтөлбөрт баяжуулах, боловсруулах үйлдвэр барина гэсэн байна лээ. Ажилгүйдэл ядуурлыг массаар нь багасгадаг зүйл чинь аж үйлдвэр шүү. Би буруу зүйл гэж үнэхээр харахгүй байна. Х.Баттулга гэдэг хүн Сайншандын макет хийгээд яриад байгаа юм биш шүү, Б.Энхбаяр аа” гэлээ.