Нэг цэгийн үйлчилгээний төв /НЦҮТ/, түр хамгаалах байр /ТХБ/-аар үйлчлүүлсэн иргэд амиа хамгаалахын тулд, өөрөөр хэлбэл аргагүй байдалд орсны улмаас тухайн байгууллагуудыг зорих болжээ.
Нүб-ын хүн амын сан, үндэсний статистикийн хорооноос хийсэн 2020 оны судалгаанд, НЦҮТ болон ТХБ-аар үйлчлүүлсэн иргэдийн багагүй хувь нь амиа хамгаалах гэж, аргагүй байдалд орсны улмаас тухайн байгууллагуудыг зорих болсон талаар дурдсан байна. Судалгаанд нийт 5000 иргэнийг хамруулснаас 37 хувь нь гэр орондоо байх аргагүй болсон, 21.3 хувь нь хүчирхийлэлд өртөөд гэмтсэн, 10 хувь нь нуугдах шаардлага тулгарсан, 2 хувь нь амьд үлдэхийн тулд, 30 хувь нь бусад нөхцөл байдалтай ирсэн гэжээ.
Улсын хэмжээнд 2020 оны байдлаар нийт 29 НЦҮТ, ТХБ үйл ажиллагаа явуулж байсан бол энэ тоо 34 болж, нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байрны хүртээмж сайжирсан байна.
Түр хамгаалах байр байхгүйгээс болж, өөрөөр хэлбэл орон нутагт хүртээмж сул байх үед гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртдөг эмэгтэйчүүдийн нөхцөл байдал ямар байв.
Кейс нэг.
/2020/ Сүхбаатар аймагт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв байхгүй байсан нь хохирогч дахин хүчирхийлэлд өртөх шалтгаан болжээ…
Хүчирхийлэлд өртсөн малчин эмэгтэйд хамтарсан баг эрсдэлийн зэргийн үнэлгээ хийх явцад эмэгтэй дахин зодуулсан байна.
Нөхөртэйгөө амьдраад 27 жил болсон, хоёр хүүхэдтэй, гэрлэлтээ батлуулаагүй болохоор гэрлэлтийн гэрчилгээ байхгүй. Нөхөртөө олон удаа зодуулж, ах дүү нарт нь хэлэх хэлэхгүйгээр доромжлуулж, зодуулж, дарамтлуулж байна. Нөхөртөө зодуулаад харааны бэрхшээлтэй болсон. Хараа 70 хувийн алдагдалтай. Миний нүдийг униар хатгаж ийм болгосон.
Тухайн үед айсандаа мориноос унаад нүдээ гэмтээчихлээ гэж эмчид худлаа хэлсэн. Энэ хүнийг хэрэг төвөгт оруулаад яах вэ гээд уучлаад өнгөрөөдөг байсан. Нөхөр бид хоёр хамт амьдарсан цагаасаа 1993-2012 он хүртэл ахынх нь малыг ямар ч хөлсгүй маллаж ирсэн. Ах нь хүртэл намайг зодож, үг хэлээр доромжилдог. Хадам ах нь бидний талаар ярих юм бол гишгэх газаргүй болгоно, чамайг нөхөртэй чинь 27 жил тэжээсэн, чамд юу ч өгөхгүй гэж дарамталж гэрээс минь хөөсөн. Үнэндээ хөлсөлж байгаа байрныхаа түрээсийг ч төлж чадахгүй тийм л нөхцөл байдалтай байна. Группын мөнгөөрөө зээл авчихсан. Надад ах, дүү хамаатан садан гэж байхгүй. Би аргаа бараад танай байгууллагад эрхээ хамгаалуулахаар хандаж байна…
Дээр дурдсан тохиолдлын тухайд, эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн тойргоос гарч, өөрөөр хэлбэл нөхрөөсөө салж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох болсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны хоёр дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан энэхүү хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий дэд зөвлөл байгуулан өнөөг хүртэл ажилласны үр дүнд хүчирхийлэлд өртдөг, өртсөн эмэгтэйчүүд хаана хандахаа мэддэг, эрхээ хамгаалуулах боломжтой болсны жишээ энэ.
НЦҮТ, ТХБ-НЫ ЧИГ ҮҮРЭГ, ЗОРИЛГО НЬ ЮУ ВЭ?
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар, Нэг цэгийн үйлчилгээ гэдэг нь хохирогчийг эмнэлэг, төрийн, төрийн бус байгууллагад түр байрлуулан эмнэлгийн тусламж болон энэ хуульд заасан бусад үйлчилгээг нэг доор үзүүлэх ажиллагааг,
Түр хамгаалах байр гэдэг нь хохирогчийг тодорхой хугацаагаар байрлуулан энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий стандарт хангасан газрыг хэлнэ.
Нийслэлийн түр хамгаалах байрны дэргэд 107 дугаарын утас 24 цагийн турш ажиллаж, хүчирхийллийн дуудлага мэдээлэл хүлээн авдаг. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд эрхзүйн мэдээлэл, сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг.
Авах арга хэмжээ. Хүчирхийллийн дуудлага мэдээлэл хүлээн авсан цагдаа, хохирогчоос аюулын зэргийн үнэлгээ авах ба өндөр эрсдэлтэй гарсан хохирогчийг түр хамгаалах байранд авч ирдэг байна. Харин дунд ба өндөр үнэлгээтэй гарсан хүүхдүүдийг эцэг эх асран хамгаалагчаас хамааралгүйгээр нэн даруй хамгаалалтад авч түр хамгаалах байранд хүргэж өгдөг.
Түр хамгаалах байранд ирсэн иргэдийг хоол хүнс, ахуйн хэрэглээний эд зүйлсээр хангахаас гадна сэтгэлзүйн болон эрхзүйн зөвлөгөө мэдээлэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлэн ажилладаг.
Түүнээс гадна хохирогчийн амьдран суух харьяа дүүргийн хамтарсан багийнхантай харилцаж, шаардлагатай тохиолдолд орон байраар хангах, гэртэй болгох, ажилд зуучлах, мэргэжлийн сургалтад хамруулах гэх мэтээр хохирогчийг нөхөн сэргээх, цаашдаа хүчирхийллээс ангид хараат бус амьдрахад нь туслах бүхий л арга ажиллагааг явуулдаг байна.
Хамгаалах байранд ирсэн иргэд 10-30 хоног байрлах ба энэ хугацаанд тэднийг сургалтад хамруулж, хувь хүний сэтгэлзүйг өөрчлөх тал дээр түлхүү ажилладаг. Улмаар сургалтад хамрагдсан иргэд түр хамгаалах байрнаас гарахдаа амьдралд итгэх, сайн сайханд тэмүүлэх сэтгэлтэй болдог аж.
Цагдаагийн 102 дугаарын утсанд өдөрт дунджаар 150 гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирдэг. Гэр бүлийн хүчирхийллийн ихэнх тохиолдолд , хүний бие мах бодид ноцтой гэмтэл учруулахыг таслан зогсоохын тулд цагдаа дууддаг талаар мөн судалгаанд дурджээ. Өөрөөр хэлбэл хохирогчид зөвхөн бие махбодийн хүчирхийллийн талаар л цагдаад мэдэгддэг. Цаашлаад НЦҮТ, ТХБ-нд ирдэг. Ингэхдээ хүчирхийлэл нь тэвчихийн аргагүй эсвэл амь насанд аюултай болсон үед хандаж байна.
Хүчирхийлэл гэдэг нь бие махбодид үзүүлсэн дарамт төдийхнөөр хязгаарлагдахгүй. Байгаа нөхцөл байдалдаа сэтгэл тайван байж чадахгүй бол энэ нь хүчирхийллийн хэлбэр мөн. Иймд олон нийтийн зүгээс хүчирхийллийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд, хүчирхийлэл гэж чухам юу болохыг ухамсарласан, эрхээ мэддэг, хаана хандаж, ямар үйлчилгээ авах талаар мэдээлэл цуглуулах нь нэн чухал ач холбогдолтой юм.