Грийн гэйт интернэйшнл ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд АӨСҮТ-ийн хүүхдийн тасгийн эмчилгээний /тосон түрхлэгийн/ өрөөг тохижуулжээ. Компанийн зүгээс тухайн эмнэлэгийн хоёр өрөөг өмнө нь тохижуулсан байна. Бид энэ талаар АӨСҮТ-ийн захирал Ц.Уранчимэгээс дараах мэдээллийг авлаа.
Тэрбээр, “Грийн гэйт интернэйшнл ХХК АӨСҮТ-тэй хамтарч ажиллаад багагүй хугацааг үдсэн байна. Энэ удаад манай хүүхдийн тасгийн тосны өрөөг тохижуулж, өнгөрсөн сарын сүүлээр хүлээн авлаа
Манай эмнэлэгт 21 аймаг, есөн дүүргээс арьсны хурц болон архаг өвчтэй хүүхдүүдийг эмчлэх 44 ортой тасаг байдаг. Хүүхдүүдийн гадуур эмчилгээнд тос тосон түрхлэгийг хэрэглэх нь маш чухал ач холбогдолтой. Тэгэхээр манай эмнэлгийн тосны өрөөг ийм сайхан орчин үеийн шийдэлтэй, ялангуяа бага насны хүүхдийг усанд оруулах, үүний дараа чийгшүүлэх тос түрхэх гэх мэт ванныг суурилуулж өгсөнд байгууллагын захиргаа, хүүхдийн тасгийн хамт олон, эмчлүүлэгчид талархаж байгаагаа илэрхийлэхийг хүсэж байна.
Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүд гадуур тосон түрхлэг, боолтоо хийлгүүлдэг. Бага насны хүүхдэд зориулсан усан эмчилгээний орчин үеийн загвартай өрөөг ашиглах боломж олгож байгаад бид баяртай байгаа. Өрөөний дотоод загвар нь , эмнэлгийн орчноос хүүхдүүд айж эмээхгүй байх нөхцлийг бүрдүүлсэн.
Мөн Грийн гэйт интернэйшнл ХХК хүүхдийн тасгийн тосны нэг жилийн хэрэглээг хангахаар амласан. Тухайн компани Францын Isispharma брендийн тосыг оруулж ирдэг юм. Бид тав хүрэхгүй жил хамтарч ажиллаж байна. Энэ хугацаанд үйлчлүүлэгчдэд танигдсан байна. Мөн дээрээс нь манай эмч нарын үйлчлүүлэгчдэд зөвлөх дуртай чийгшүүлэх тос болж танигдсан. Тэгэхээр энэ чанартай бүтээгдэхүүнийг манай эмнэлэгт хэвтэнгээ хэрэглэх боломж олгож байгаа нь эмчилгээний хувьд ач холбогдолтой гэж үзэж байна” гэлээ.