Хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулах 65 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол олон үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Энэ үдшийн хамгийн онцлох нэгэн бол яах аргагүй дуучин Бейонсе байлаа. Учир нь тэрээр 32 дахь Грэммийн шагналаа авч, түүхэн дээд хэмжээг эвдсэн байна.
Түүний өмнө Унгар гаралтай удирдаач Жорж Солти 31 Грэммийн шагналтайгаар энэ рекордыг эзэмшдэг байв. Дуучин бүсгүй шагналаа гардан авахдаа “Би сэтгэл хөдлөлөө хэт ил гаргахаас эмээж байна. Би зүгээр л энэ мөчийг мэдэрч байгаа нь гайхалтай хэрэг” гэжээ.
Тэрээр гэр бүлийнхэндээ талархал илэрхийлэхийн сацуу өөрийг нь нэрд гарахаас өмнө тайзны хувцас хэрэглэлээр дэмждэг байсан авга ах Жоннигоо мөн дурссан байна.
Түүний авга ах Жонни ХДХВ-тэй тэмцэж байсан нэгэн бөгөөд энэ нь Бейонсег ЛГБТИК+ хэв шинжийг шинэ цомгийнхоо дуунуудад тусгахад нөлөөлсөн гэжээ. Бейонсе энэ үдэш дөрвөн шагналын эзэн болсон ч замын түгжрэлийн улмаас эхний шагналуудыг нь зарлаж байх үед хоцорчээ.
SOURCE: BBC