Улаанбаатарын цагаар өчигдөр өглөө 09.00 цагийн үед Туркийн зүүн өмнөд хэсэг болон Сирийн хилийн ойролцоо 7.8 магнитудын газар хөдөлж, олон хүний амь нас эрдсэн. Гэвч дээрх үйл явдлаас 12 цагийн дараа дахин 7.5 магниутын хүчтэй газар хөдөлж, нөхцөл байдал улам муудсаныг хэвлэлүүд мэдээлж байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 3400 хүн нас барсан гэж байгаа ч энэ тоо даруй найм дахин нэмэгдэж магадгүй гэдгийг ДЭМБ анхааруулсан байна. Аврах багийнхан болон сайн дурынхан шөнөжингөө цастай, хүйтэн нөхцөлд нурангид дарагдсан хүмүүсийг аврахаар ажиллажээ.
Цаг агаар хүйтэн, цастай байгаа тул орон гэргүй болсон хүмүүст хоргодох байрны том асуудал мөн тулгарч байгаа юм. Энэ газар хөдлөлт нь Туркийн түүхэн дэх хамгийн хүчтэй, аймшигтай газар хөдлөлтүүдийн нэг боллоо гэдгийг судлаачид хэлсэн. Улс орнууд Турк улсад тусламж илгээж, эмгэнэл илэрхийлсээр байна.
SOURCE: BBC