Үндэсний өв соёл, тэр дундаа ардын болон уртын дуугаа түгээн дэлгэрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй МУСТА, уртын дуучин Д.Үүрийнтуяаг “Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт урьж, ярилцлаа. Түүний хувьд ардын болон уртын дуугаа шинэ үеийн хөгжимтэй хослуулан дуулж, залуу үеийнхэндээ өв соёл, зан заншил, уламжлалаа түгээх зорилго тавин ажиллаж байгаа тухайгаа ярьсан юм.
-Та уран бүтээлээ туурвиад арав гаруй жил болсон байна. Анх яагаад уртын дуу дуулах болсон бэ?
-Би Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрж, өссөн. Манай нутагт Боржигон найр их хийдэг. Боржигон найр нь бусад найруудаас хатуу дэг жаягтай. Уртын дуугаа дуулдаг. Нэг дуулахдаа гурван төрлийг дуулдаг ёс жаягтай. Ийм л найран дунд өссөн. Манай өвөө Цэндийн Дамчаа гэж нутаг усныхан нь андахгүй сайн мэдэх найр хуримд залагдаж, уригдаж уртын дуу дуулдаг хүн байсан. Тиймээс би өвөөгөө дагаж, уртын дуунд дуртай болсон доо.
-Сүүлийн үед ямар уран бүтээлд ажилласан бэ?
-Наадам, Цагаан сар гээд уламжлалт баяруудыг алдахгүй уран бүтээлээ туурвих юм сан, сайхан зүйлсийг хийх юм сан гэж эрмэлздэг. Саяхан нэгэн сайхан өвөрмөц уран бүтээл хийсэн. Юнителийн урилгаар реппер Чойдогтой хамтран “Хамтдаа угтах сар шинэ” дуун дээр ажилласан. Ахмад настан, залуучууд, хүүхэд багачууд бүгдээрээ хамтдаа Цагаан сараа хийж, хамтдаа сар шинийн баяраа тэмдэглэе. Өв соёлоо мэдье, залуу хойч үе, хүүхдүүддээ өвлүүлье гэсэн эерэг сайхан утгатай байсан учраас энэхүү дуугаараа, үгээрээ, аялгуугаараа илэрхийлэхээс гадна дүрс бичлэгээрээ ч илэрхийлсэн. Ганцхан Цагаан сар гэлтгүй, бүх цаг үед дуулагдаж, сонсохоор маш сайхан уран бүтээл болсон байх гэдэгт итгэлтэй байна.
-Таны харж байгаагаар орчин үеийн залуус өв соёл, уламжлалаа хэр сайн мэддэг бол?
-Анзаараад байхад орчин үеийн залуус өв соёлоо өмнөхөөсөө илүү сайн мэддэг болж байна.
Бид юугаараа ондооших ёстой, ямар дархлаагаа дэмжих ёстой, яавал Монгол байх вэ гэдгээ мэддэг болсон байна. Монгол гэсэн зургаан үсэгтэй нэр, нэгэн тэнгэрийн дор хамтдаа байгаа учраас Монгол өв соёл, ёс заншил, уламжлалыг мэдэх, тээх, түгээх ёстой гэсэн мэдэгдэхүүн, зорилготой болсон байна гэж хардаг.
Мэдээж шүүмжлэлтэй талууд ч байдаг. Уртын дуу, ардын дуугаа ялгахгүй. “Уртын дуу үгтэй юм уу” гэж асуух гээд л, сэтгэл гонсойх зүйлс мэт сэр гардаг. Бид чадах чадахаараа л өв соёл, уламжлалаа түгээж байна. Гэхдээ үүнийг соёлын бодлогын эсвэл боловсролын хүрээнд ЕБС, бага анги, цэцэрлэгт байхаас нь эхлээд өв соёлоо зааж, сургаад, түгээх ёстой юм шиг санагддаг.
-Одоо гэр бүлийн хүнтэйгээ хамтарч уран бүтээлээ туурвидаг. Анх нөхөртэйгөө яаж танилцаж байсан бэ?
-Гэр бүлийнхээ хүнтэй 2002 онд танилцаж байлаа. Манай дээд курсын ах байсан. Надаас нэлээн ах “Жавхаа ах аа” гэж дуудаад л явдаг байлаа. Оюутан байхдаа хамтдаа тоглолтоор явдаг, сургалтын тал дээр ч чадахаараа надад тусладаг, дэмждэг ах байсан. Яваандаа хайр сэтгэлийн холбоотой болж, хамтдаа уран бүтээл туурвих хувь тохиолтой байж.
Шуранхай хамтлаг тараад, надад сэтгэлзүйн хувьд их хүнд цаг үе байсан. Хань минь түүнийг маань ойлгож, уран бүтээлд ч, амьдрал дээр ч ойлгож, дэмждэг байсан. Хамтдаа уран бүтээл хийх сэдэл төрөөд, Монгол ардын дуэт дууг орчин цагийн хэв маягт оруулан дуулж, ард түмэндээ хүргэж эхэлсэн. Үүнээс хойш бид хоёр хамтарч уран бүтээл хийгээд, хажуугаар нь гэр бүлээ орхихгүй гурван хүүхдийн аав, ээж болсон байна.
-Хамтдаа ажиллахын сайхан зүйлс нь юу байдаг вэ?
-Урлагийн хүмүүс учраас сэтгэл хөдлөл өндөртэй. Баярлах үедээ хамтдаа баярлана. Хамтдаа нэг зүйлээс таашаал авдаг. Жишээлбэл, хоёулаа сайхан дуулаад ороод ирэхэд, тоглолт дууссаны дараа ирсэн бүх хүмүүсийг маш сэтгэл хангалуун гаргаж байвал хоёулаа баярладаг.
Дуучин хүний хоолой бол хүний бие организм, судас шөрмөс л гэсэн үг. Хоолой хэцүү байх үед, сэтгэл санаа хүнд үед дуулах хүндрэлтэй байдаг. Хэн нэгэн нь түрүүлж түүнийгээ мэдрээд “Энэ хүн сэтгэл санаагаар жаахан гундуу байгаа юм чинь би өөрийгөө ингэх ёстой юм байна” гэж бие биеэ хөглөдөг байх гэж боддог.
– Та хоёр түнжин муудсан үедээ хамт тайзан дээр гараад, дуулахдаа сэтгэлзүйгээ хэрхэн удирддаг вэ? Тийм үе тохиож байв уу?
-Дуу бол бидний ажил. Ажлаа хийж яваа учраас тайзан дээр гараад, бие бие рүүгээ харилцан дуулж, харж инээх шаардлага гардаг. Тайзан дээр гарахын өмнө муудалцсан, түнжин муутай байж байгаад, тайзан дээр гараад бие бие рүүгээ харж инээгээд л, буугаад ирэхэд уураа мартчихсан, инээлдээд л, энгийн байдалдаа явж байх үе зөндөө байдаг.
-Энэ оны зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?
-2019 оноос хойш тоглолт хийхгүй нэлээн удсан байна. Энэ ондоо багтаад тоглолтоо хийж, үзэгчдээ баярлуулъя гэж бодож байна. “Та хоёр хэзээ тоглолтоо хийх вэ, наадам боллоо хийгээч ээ, цагаан сар боллоо хийгээч ээ” гэсэн хүмүүс их байна. Бас гадна, дотнын маш олон тоглолтын урилга ирсэн. Гадагшаа, дотогшоо тоглох тоглолтууд маань амжилттай болж, үндэснийхээ өв соёлыг дэлхий дахинд сурталчлах үйлс маань бүтэмжтэй байгаасай гэж залбирч байна.
-Сүүлийн үед Монгол залуус гадагшаа явах сонирхолтой, бүгд л гадаад явах бодол тээж байна. Та Монголдоо амьдрахын сайхан зүйлс, боломжуудаас дурьдвал?
-Бид гадаадын олон орноор яваад, ямар байдгийг мэдэрсэн. Монгол улс юугаараа онцлог, яагаад Монголдоо байх ёстой вэ гэвэл бид энэ Монгол улсын эзэн нь. Гэрийн эзэн нь байхгүй айл ямар байдаг, хүүхэд нь, аав, ээж нь байхгүй айл ямар байх вэ гээд бодохоор яваад л байвал эх орон чинь эзгүйрээд л байна. Бид Монгол эх орондоо байж, хийж чадах бүх зүйлээ чин сэтгэлээсээ хийх ёстой. Сошиалд хэт автаад, хэт хөөсрөөд, зүгээр л мөнгө олох талаар л боддог болсон юм шиг. Энэ бүх зүйл залуучуудыг хөдөлмөрлөх чадамжгүй, хүсэл эрмэлзэлгүй болгоод байна гэж ойлгож байна. Бүгдээрээ л Монголдоо байя. Эх орноо хөгжүүлье. Жижигхэн ч гэсэн өөрийн чадах чинээгээрээ ясаа цайтал гэдэг шиг эрвийх дэрвийхээрээ ажиллавал бүтэхгүй, болохгүй зүйл гэж байхгүй гэж боддог. Бүгдээрээ л хамтдаа Монголдоо сайхан амьдарцгаая гэж уриалмаар байна.
-Бидний урилгыг хүлээн авч, ярилцсанд баярлалаа. Та сайхан шинэлээрэй.
-Урьж, ярилцсан та бүхэнд баярлалаа. Ирж буй үзэсгэлэн болгогч хэмээх туулай жилдээ Монгол түмний минь заяа буян нь тэгш, бие эрүүл, сэтгэл тэнүүн сайхан жил болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн маань сар шинэдээ сайхан шинэлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын ерөөл дэвшүүлье.
Видеог дээрээс үзнэ үү.