Баасан гарагт Японы засгийн газраас хийсэн судалгаагаар нийт ард иргэдийн 94.7 хувь нь Оросын эсрэг хандлагатай болсон гэсэн үр дүн гарчээ. Өмнөх судалгаагаар энэ тоо 86.4 хувь байсан. Орос, Украины дайн хоёр орны харилцааг царцаахын зэрэгцээ 1978 оноос хойш авсан энэ судалгааны үр дүн ийнхүү хамгийн дээд хувьдаа хүрсэн байна. Үүний хариуд Кремлийн зүгээс Япон улстай хийсэн хэд хэдэн хэлэлцээрээ зогсоосон билээ. Нэн ялангуяа, Орос, Украины дайны эхэн үеийн нөхцөл байдлыг Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маш идэвхтэй мэдээлж ирсэн. Энэ нь дээрх үр дүнд хүргэсэн байх магадлалтай гэдгийг дотоодын хэвлэлүүд таамаглаж байна. Дайн эхэлснээс хойш ОХУ-ын эсрэг хориг тавьсан Азийн орнуудын нэг бол Япон. Түүнчлэн БНСУ, АНУ гэсэн холбоотнуудтай эв санааны нэгдэлтэй байгаа гэдгээ олон улсын харилцаанд баталсаар байгаа билээ.
Эх сурвалж: KYODO NEWS