Польш улсын спорт, аялал жуулчлалын сайд 2024 оны олимпын наадмыг 40 гаруй улс бойкот хийж болзошгүйг санууллаа. Учир нь олон улсын олимпын хороо ирэх жилийн наадамд Орос, Беларусийн тамирчдыг оролцуулах төлөвлөгөөтэй байгаа. Харин энэ төлөвлөгөөний эсрэг буюу ОХУ, Беларусийн тамирчид оролцохыг эсэргүүцэж буйгаа Польш, Эстони, Латви, Литви улсууд хамтран мэдэгдсэн. Нөгөөтэйгүүр, олон улсын олимпын хорооноос улс орнууд ингэж эсэргүүцэх нь тамирчдыг шийтгэж байгаагаас өөрцгүй гэж үзэж байгаа юм. Тодруулбал, дээрх хороо “Хэн нэгэн тамирчныг пасспортноос нь болоод тэмцээнд оролцуулахгүй байж болохгүй” гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Гэвч энэ мэдэгдэл гарсны дараа хэд хэдэн улс олон улсын олимпын хорооны эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж эхэлсэн. Тухайлбал, Их Британийн засгийн газраас бодит байдлаас хэт холдсон шийдвэр гэж үзсэн. Харин Украины спортын сайд тус улс олон улсын холбогдох байгууллагуудтай харилцаагаа эрчимжүүлж, Орос, Беларусийн тамирчдыг оролцуулахгүй байх арга хэмжээ авахыг хичээнэ гэсэн юм.
Эх сурвалж: BBC