Австралийн төв банкнаас III Чарльз хааны зургийг таван долларын шинэ дэвсгэрт дээрээ тавихгүй гэдгээ мэдэгдлээ. Одоогийн таван долларын дэвсгэрт дээр нь хатан хаан II Элизабетын зураг байдаг билээ. Харин шинэ дэвсгэрт нь Австралийн түүх, соёлыг илтгэсэн загвартай байх юм байна.
Хатан хаан II Элизабет өнгөрсөн онд нас барсан явдал Австрали улсыг цаашид үндсэн хуульт хаант засаглалаа хэвээр үлдээх эсэхэд нь эргэлзээ төрүүлсэн юм. Түүнчлэн төв банк дээрх шийдвэрээ гаргахдаа Австралийн засгийн газартай хэлэлцсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ шийдвэр нь Австралийн засгийн газрын оролцоотой гэсэн үг юм. Гэхдээ уг таван долларын шинэ дэвсгэртийн загвар хэзээ гарах эсэх нь тодорхойгүй байна. Хатан хаан таалал төгссөний дараагаар хамтын нийгэмлэгийн орнуудын цаашдын хувь заяа онцлох сэдвүүдийн нэг болсоор ирсэн. Магадгүй энэ асуултад Австрали улс хариу өгч эхэлж байна гэж зарим хэвлэлүүд дээрх шийвэрийг тайлбарлаж байгаа юм.
Эх сурвалж: BBC