Словени улсад болсон өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс Монголын тамирчин Мөнхтөрийн Цэнгүүн хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэн, дэлхийн аварга болсон билээ. Эл спортын түүхэнд өсвөрийн ангилалд түрүүлсэн Монголын анхны тамирчин болсон түүний өвөө нь өвлийн болон мөстэй усанд сэлэлтийн дэлхийн шилдэг тамирчин Ш.Даваадорж. 10 настай М.Цэнгүүн өчигдөр эх орондоо ирлээ. Түүнтэй ярилцлаа.
Тэрбээр “Намайг Мөнхтөрийн Цэнгүүн гэдэг. Би 2012 оны аравдугаар сарын 11-нд төрсөн. “Күнз” дунд сургуулийн тавдугаар ангид сурдаг.
ДАШТ-ий алтан медалиа мэлхий сэлэлтийн 25, 50 метрийн сэлэлтээр хүртсэн. Мөнгөн медалиа 4х25 метрийн багийн буухиагаар авлаа.
Дэлхийн аварга болж, Монголынхоо төрийн далбааг өргөөд зогсоход их гоё байсан. Аягүй гоё бахархалтай, итгэл найдвартай санагдсан.
ДАШТ модоор хийсэн ийм медаль өгсөн. Би ийм гурван модон медальтай боллоо. Бусад медалийг бодвол хамаагүй эко гэсэн үг. Анх удаа модон медаль авлаа, гоё байна.
Би өвлийн усанд сэлэлтээр өмнө нь дүүргийн тэмцээнд оролцохдоо IV байрт орсон. Анхны медалиа шууд дэлхийн аваргаас авлаа. Гоё байна.
ДАШТ-ий 10-15 насны ангилалд надтай хамт 10 гаруй хүүхэд оролцсон. Өрсөлдөхөд гоё байлаа.
Тэмцээнд эхлээд 50 метрт сэлэхдээ их сандарсан. Дараа нь “Сэлж чаддаг юм чинь” гэж бодон тайвширсан. Дэлхийн аваргад оролцоод өөрийгөө сорих чадвартай боллоо.
Манай өвөөг Шагдарсүрэнгийн Даваадорж гэдэг. Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвд надад зааж сургадаг. Би бэлтгэлээ өвөөгийнхөө удирдлагад хийдэг. Өвөө маань дэлхийн аваргад надтай хамт оролцсон. Бид хоёр дэлхийн аваргаас нийт есөн медаль хүртсэн.
Өвөөгийнхөө зааж сургасан бүхнийг гаргаад алтан медаль авсан болохоор бүр их бахархалтай санагдсан.
Өрсөлдөхийнхөө өмнө өөрийгөө тайвшруулаад оролцсон. Аав, ээж минь надад итгээд, тэмцээний зардалд зөндөө их мөнгө зарцуулсан. Тийм болохоор амжилт гаргаж, хариуг нь барин, баярлуулахыг хичээгээд оролцлоо.
Би өвлийн усанд сэлэлтээр зургаан настайдаа анх хичээллэсэн. Одоо бараг дөрвөн жил болж байна.
Өвлийн усанд сэлэлт, мөстэй усанд сэлэлт гэж хоёр ангилдаг. Өвлийн усанд сэлэлт нь мэлхий, далайн гахай, өврөөр даллалт гэсэн гурван төрөлтэй. Тэмцээнд оролцохдоо нэг их даардаггүй. Би бэлтгэл хийхээсээ өмнө 1-2 минут хүйтэн усанд дасдаг.
Таван настайдаа спорт өрөлтөөр алт, хосын өрөлтөөр мөнгөн медаль хүртэж байсан.
Цаашдаа илүү сайн хичээгээд, бүр олон медаль хүртээд, өвөө шигээ 200 гаруй медальтай, мундаг тамирчин болохыг хүсэж байна.
Аав, ээждээ юуны түрүүнд баярлалаа гэж хэлье. Аав минь тэмцээний зардлыг гаргаж өгсөнд баярлалаа. Ээж минь надад туслаж, дэмжсэнд баярлалаа. Өвөө минь надад зааж, сургаж, сайн сэлдэг болгосонд баярлалаа. Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвийн хүмүүс бэлтгэл хийх боломжоор намайг хангасанд баярлалаа. Тэгээд бас надад туслаж дэмжиж байсан найзууддаа баярлалаа гэж хэлье” гэлээ.